Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг чөлөөлж, оронд нь “Боевик” хочит Б.Билэгтийг томилсон. Шинэ дарга Б.Билэгт ЦЕГ-ын даргын тамга гардсан даруйдаа тушаал гаргаж тэргүүн дэд болон дэд дарга нараа шинээр томилсон байна. Мөн Тамгын газрын даргыг ч өөрчилжээ. Тэргүүн дэд даргаараа ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн дэд даргаар очсон ч ажлаа хүлээж авалгүй харзнаж байсан Ш.Ганболдыг томилжээ. Ш.Ганболд өмнө нь Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан аж. Дэд даргаараа ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга хийж байгаад дөрөвдүгээр сард хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ж.Ханбаатарыг томилсон байна. Харин Тамгын газрын даргаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Адъяабазарыг авчээ. Одоогоор тэргүүн дэд дарга асан Р.Чингис, дэд дарга асан Л.Энх-Амгалан, Тамгын газрын дарга асан Д.Арвинбуудай нарыг өөр ажилд томилоогүй байгаа юм байна.
Б.Чимэг



















































