зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Доржсэмбэ: Гурван тэмдэглэлийн дэвтэр дүүрэн бүтээлээ "хадгалж бай" гээд өгтөл нүдэн дээр минь шатааж билээ

2020-5-25
0
ЖИРГЭХ

Сэтгүүлч, яруу найрагч Ц.Доржсэмбэтэй ярилцлаа.

-Цагаан сарын өмнөхөн Францад гарсан Монголын орчин үеийн яруу найргийн түүвэр номд таны гурван шүлэг багтсан байна лээ. Та мэдсэн биз дээ?

-Ёстой үгүй. Тэр ном гарсныг ч мэдээгүй. Нэг өдөр мэргэжил нэгт дүү гудамжинд таарч “Сэмбээ ах аа, таны шүлгүүд Францад хэвлэгдсэн номонд орсон байна. Та авсан уу?” гэсэн. Тэгж л мэдсэн. Тэгээд Г.Мэнд-Ооёо ахын туслахаар дамжуулж тэр номыг гар дээрээ тавьсан. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтүүдийн шүлэг тэр номонд ороогүй нь жаахан сонин. Гайгүйгээс Г.Мэнд-Ооёо ахын бүтээл л байна лээ. Би өөрийгөө тоож байгаа юм биш. Үнэн нь л тэр. Гэхдээ хардах зүйл бас байна. Манайхан ярилцаад миний шүлгүүдийг оруулахаар тохирсон ч байж мэднэ. Мөн хятадад миний шүлгийн номнуудаас түүвэрлэн ном хэвлэсэн байна. Ерөөлт гээд Өвөрмонгол залуу Цагаан сарын өмнө ном, урамшууллын хэдэн бор юм аваад очно гэсэн ч коронавирусний халдвараас болж ирж чадсангүй.

-Улаанбаатар хотын унаган хүү. Аав ээжийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Би Д.Сүхбаатар жанжны төрсөн өдрөөр Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт анхны дуугаа хадаасан гэдэг. Унаган гарал бол Сүхбаатар аймгийн Улаанбаян сум. Төрсөн эцэг Батмөнх маань Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд холбооны эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Намайг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэнд гэж хүнд үрчлүүлсэн. Эцэг эхээс тавуулаа. Дээрээ нэг ахтай, хоёр охин, нэг эрэгтэй дүүтэй. Миний төрсөн аав маань өсгөсөн эцэгтэй минь хамт Замын-Үүдийн хилийн цэрэгт алба хаасан юм билээ. Өсгөсөн эцэг Цэндийн анхны хүү нас барж, зовлон шаналалтай байхад нь намайг үрчлүүлсэн гэдэг. Тэгээд Цэнд гэж хүний хүү болсон доо. Үрчилж авсан ээж бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын түүх, газар зүйн багш мэргэжилтэй, Боловсролын тэргүүний ажилтан хүн.

-Тэгвэл таны бага насны дурсамж Өлзийт сумтай салшгүй холбоотой байх нь ээ?

-Би бага байхаасаа Оросын ард түмний дунд өссөн. Өлзийтэд Орос цэргийн анги байлаа. Аав маань намайг мотоцикл дээрээ сундлаад орос цэргүүд рүү очно. Би эхэндээ дуртай байгаагүй ч сүүлдээ очих гэж шаналгадаг болсон. 1984 оны наймдугаар сар юм даа. Би естэйдөө “Зил-130” машинтай хадлан тариалангийн ажилд оролцохоор явсан хүмүүсийн дунд явлаа. Тэгсэн нэг их өндөр даваа уруудаж байтал машины тормоз гэнэт ажиллахгүй болж айхтар онхолдсон. Тэнд надаас гадна 13 хүн зорчиж явсан гэдэг. Хамгийн бага нь би. Бас амьд үлдсэн цорын ганц хүн нь би. Шөнө дунд гэнэт ухаан ороод хартал хэдэн машин гэрлээ анивчуулан ирж явна. Ирсэнээ жигтэйхэн их юм зөөх шиг болсон нь одоо бодоход цогцос байж. Тэгээд удалгүй намайг түргэний машинаар аймгийн эмнэлэгт хүргэсэн. Аймагт хэд хоног эмчлүүлээд Улаанбаатарын эмнэлэг рүү шилжүүллээ. Хотод ирээд бас удалгүй ЗХУ-ын Якутын эмнэлэг рүү шилжүүлдэг юм. Тэнд зургаан сар хэртэж эмчлүүлсэн. Эмчилгээ нь ч үр дүнтэй болсон гэж боддог. Одоо архинд орсон тухайгаа яръя.

-Бага насныхаа талаар ярих юм тань ингээд дууссан уу?

-Би естэйдөө архи анх амссан. Манайхны эмч нар “энэ хүүхдийг бид дийлэхгүй, хойшоо явуулъя” гэснээр Якутын Верхоянск хотын эмнэлэгт эмчлүүлсэн юм. Тэндэхийн том бөгстэй орос эмч, сувилагч нар надад ойр ойрхон спирт өгдөг байсан. Есөн настай надад эхэлж халбагаар дараа нь стаканаар дүүрэн цэнхэр спирт өгдөг болсон. Тэрийг нь уухаар өвчнөө мартан тайван нойрсдог. Бавуугийн Лхагвасүрэн гэж агуу хүн мундаг үг хэлж байсныг одоо санасан дээрээ хэлье. Ноднин бие нь тааруухан гэртээ байхад нь очсон юм. Битүүний өдөр болохоор ёс болгож надад хатуу юм өглөө. Тэгсэнээ дараа нь “100 граммын ард гарсан хүн гэж байдаггүй юм, Сэмбээ минь мэдээрэй” гэж хэлээд хөгшинөө дуудан “Алив Баасан, наад Сэмбээдээ нэг шил архи өг” гэсэн. Би тэр үед архийг нь бодсоноос биш үгийг нь тунгаагаагүй тэнэг толгой. Айхтар үнэн үг хэлж байж. Би Лхагваа ахтайгаа сүүлчийн удаа уулзсан нь тэр. Тэгээд ах минь маргааш үүр цайх үеэр өнгөрсөн юм билээ.

-Орост их удаан эмчлүүлж. Сархадыг хаяая гэж тухайн үед бодож байв уу?

-Жинхэнэ амьдын там гэдэг тэр. Сайн эмч нарын буянаар хорвоогийн тоос хөдөлгөж явна даа. Эмчилгээ дуусаад дамнуургаас буулгалгүй олон хоног болж намайг гэрт минь авчирсан. Гэртээ ирэхэд аав маань архи өгдөг байсан. Эмч нар архи өг гэж хэлсэн л байх. Түүнээс биш хүүдээ архи аягалдаг эцэг гэж хаана байхав. Тухайн үед архи ховор байж. Өвчин эргүүлж хүүхэд нас минь өнгөрсөн. Эцэг маань намайг алхуулж сургах гэж аргаа барсан. Унадаг дугуй ч авч өгсөн. Хүүхэд юм болохоор дугуй унах гээд их дурлана. Тэгсээр байж алхдаг болсон. Би энэ архийг хаях гэж олон үзсэн. Чадахгүй юм билээ. Саяхан Майнтад хэдэн сар архины албадан эмчилгээнд ч орсон. Энэтхэгийн эм өгдөг юм билээ. Тэндэхийн уур амьсгал манайхаас тэс ондоо. Би хангалттай сайхан амьдарсан. Одоо нүд анихад харамсах юм алга. Хятадын Бээжинд эмчилгээ хийлгэхээр очоод хэрэгтэй бичиг баримт, түрийвчээ гээж их зүдэрсэн. Тэгээд Бээжингийн төв талбайд гуйлга гуйж ч явлаа. Манайхан хятадуудад жаахан таагүй байдаг. Би ч тийм. Гэхдээ тэнд олон сайн хүнтэй таарсан. Гэртээ хүртэл авч очоод хоол хийж өгсөн шүү.  

-Элчин сайдын яамандаа хандаж үзээгүй юу?

-Очиж уулзахаар хөөдөг. Манай ганзагын наймаачид нурууг нь авчихсан шиг байна лээ. Тэнд таарсан монголчуудаасаа туслалцаа хүсэхэд нэг нь ч гар сунгаагүй. Хүний нутагт элэг нэгт монголчууд маань тийм үйлдэл гаргахаар нэг л эвгүй. Харин одоо “Би эх орондоо байгаа болохоор халаас хоосон ч харьд мөнгөтэй хүнээс баян” гэж боддог. 

-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв.  Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-“Өдрийн сонин”-ны гадаад мэдээний орчуулагч Цэрэндолгор гэж хүүхэн бий. “Өдрийн сонин”-д Баянхонгор аймгийн Заг сумын харьяат яруу найрагч Л.Батцэнгэл гэж миний найз ажилладаг байлаа. Одоо сайтад орсон сураг дуулдсан. Найзтайгаа ресторанд ортол нөгөөх маань тэнд хоол идэж байсан хүүхнийг дуудлаа. Би тэр үед анхны номоо гаргаад ид мандаж байсан. Хажууд дуудаад суулгахад нь би тэр хүүхэнд нүүр өгөөгүй. Яагаад гэхээр, тэр хүүхэн намайг яаж тоохов гэж бодоод л. Тэгээд гурвуулаа үдийн хоолоо идэж дуусгаад элдэв юм бололгүй салсан. Дараа нь шартаад дотор муухан Л.Батцэнгэл рүүгээ гороолж явтал Цээгийтэйгээ таардаг.  Цээгий, “Хөөе, Сэмбээ юу хийж явна?” гэхээр нь “Юу байхав, шартаад үхэх гэж л байна. Л.Батцэнгэл байна уу?” гэхэд “Л.Батцэнгэл байхгүй. Цаадахаараа яах нь вэ?” гээд “Өдрийн сонин”-ны байрны зүүн талын ресторан руу хөтөлж аваад орлоо. Тэгээд, “Чи ямар хоол идэх юм. Би авч өгье?” гэв. Би ч яахав хамгийн гол нь 100 грамм татмаар байна” гээд үнэн учраа хэлсэн. Тэгээд хоол идлээ, 100 грамм ч уулаа. Тэгж зориг орж Цээгийгээ эргүүлсэн. Сүүлдээ “Өдрийн сонин”-д нөгөө Л.Батцэнгэлийгээ биш Цээгийг сурж ирэх нь олон. Тэгээд нэг өдөр Цээгийг зориод очсон чинь “Элдэв юм ярилгүй манайд очиж цай ууж, хоол ид” гэдэг байгаа. Гэртээ дагуулж ирээд “Ямар хоол хийлгэх вэ?” гэж асуулаа. Таван цулд дуртайгаа хэлэхэд, “Хоолны дараа архи гуйхгүй биз?” гэхээр нь “Гуйна” гээд хэлээд авлаа. Цээгий маань ч архи харамлахгүй гаргаж өгсөн. Тэгээд “Чи наад таван цулаа хөшиглөөд, архиа гудраад хэвтэж бай” гээд намайг гэртээ цоожлоод сонингоо буулгах гээд явдаг юм. Явахаасаа өмнө хоёр 0.5-ын архи өгсөн. Цээгийг ирэхэд би тасраад дөнгөж сэрж таарлаа. Тэгсэн Цээгий “Чи эндээс явахгүй шүү” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Би ч хэлсэн ёсоор үлдсэн. Тэр өдрөөс хойш эхнэртэйгээ дөрвөн жил амьдарсан.

-Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ?

-Нэг охинтой. Одоо 30 хүрч байгаа. Би охиныхоо талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.

-Яагаад?

-Охин маань хуулийн байгууллагад ажилладаг. Хүргэн ч бас. Харин сүүлд төрсөн хүүгийнхээ талаар ярьж болж байна. Улаанбаатарт танилцсан хүүхэн юм. Нутаг нь Төв аймгийн Баян сум, нэр нь Жавхлан. Энэ бид хоёр жилийн өмнө хүүтэй болсон. Үүнээс өмнө Өвөрхангай аймагт Наранцэцэг гэж хүүхэнтэй учир ургуулж, нэг хөөрхөн хүүтэй болсон ч харамсалтай нь хүн болоогүй. Би тэр хүүдээ их хайртай. Ээж нь Сайнжаргал гэж нэр өгсөн юм. Тэр хүү маань 13-тайдаа тэнгэрийн орныг зорьсон.

-Тэгвэл отгон хүүгийнхээ талаар ярихгүй юу?

-Эх нь надаас хүүдээ нэр өг гэхээр нь Дашдорж гэж нэр өгсөн. Жавхаа маань “Би хүүгээ Доржсэмбийн Дашдорж гэх болно” гэхэд нь их баярласан. Би Баян суманд удаагүй юм. Архи уугаад өрөнд орсон хүн шиг дээшээ харж хэвтэхэд Жавхаа, “Чи Цэрэндолгорыгоо санаад байна уу” гэж намайг өднө. Тэгээд нэг өдөр “Би чамд хань болохгүй. Улаанбаатар явах минь гээд вагонд суугаад хотод ирсэн.

-Цэрэндолгороосоо яагаад салсан бэ?

-Үндсэндээ би буруутай. Гол нь би Цээгийдээ ямар ч нэмэргүй. Олсон тав арван юмаа архинд өгчихнө. Хамгийн муухай нь би их шорвог үгтэй дээ. Түүнээс бол гар хүрч байгаагүй. Надад тийм зан байдаггүй юм. Цээгийгээ хайрласандаа, ирээдүйг нь бодсондоо хаяад гарсан. Хайрлаагүй бол тэнд шигдээд байж болох байсан. Хэрэв тэгж үлдсэн бол надад хавьгүй амар амьдрах нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн баяр болоход би ганц цэцэг, набор аваад өгч чадахгүй хүн. Миний хийдэг ажил гэвэл юм л бичнэ.

-Таныг өөрт байсан зүйлээ эхнэр, охин хоёртоо үлдээгээд салсан гэдэг юм байна лээ?

-Тэр үнэн. Хашаа байсан газар дээр өндөр барилга боссон байна билээ. Одоогоор бол “А” зэрэглэлийн газар. Би гэрээсээ чемодантай хувцасаа аваад гарсан.

-Эхнэртээ зориулж уран бүтээл туурвисан уу?

-Би эхнэртээ зориулж “Линдадаа” гэж шүлэг бичсэн.

-Охинтойгоо уулздаг уу?

-Уулзсан. Гэхдээ уулзах нь дэмий гэж боддог.

 -Хаана боловсрол эзэмшсэн тухайгаа ярихгүй юу?

-Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэсэн. Харин хоёрдугаар арван жилд нь Г.Аюурзана суралцаж байлаа шүү дээ. Би толгой сайтай байсан юм уу “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулдаг байлаа. Москвад мэргэжил дээшлүүлэх маягаар Горькийн нэрэмжит сургуульд суралцсан.

Ажлын анхны талбар гэвэл нутагтаа “Лениний зам” сонинд бага сага юм бичдэг байв. Хотод Соёлын төв өргөөний долдугаар давхарт Одгэрэлийн “Шар сонин”-д ажилласан. Одгэрэл одоо лам болчихсон Энэтхэгт шавилж байгаа дуулдсан. Дараа нь “81 дүгээр суваг” сонинд ажилласан даа.

-Та утга зохиолын салбарт ямар гавьяа шагнал хүртэж байв?

 -Зохиолчдын хорооны бүх шагналыг авсан. “Болор цом”-оос бусад нь надад байна. Хамгийн эхэнд Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал авсан. “Болор цом”-д олон орсон, цөөнгүй шөвгөрсөн.

-Тухайн үеийн “Болор цом” одоогийнхтой харьцуулахааргүй шударга болдог байсан байх?

-Шударга бус шүүлт тэр үед ч байсан. Намайг шүлгээ уншихаар гарах гэж байхад 100 грамм татчих гэж шахсан нөхөр нь “Болор цом”-ын шүүгч нь байж таарсан шүү.

-Хэвлэлээр таныг нас барсан гэсэн мэдээ гарсан байна лээ. 

-“Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ нас баржээ, Монголын зохиолчдын эвлэл эмгэнэл гаргаач” гэж л дээ. Би тэр талаар огт сонсоогүй Зохиолчдын хороо руу яваад орсон чинь “Уух мөрөөрөө уухгүй, худлаа үнэн юм битгий ярьж яв” гэсэн. Намайг өөрийгөө үхүүлсэн болгож зориудаар мэдээ гаргалаа гэж байгаа юм.

Намайг сүүлд их өмөөрсөн хүн нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Х.Тэргэл. Тэр, “Наад хүн чинь архиа ууг, дуртай юмаа уугаад үхэг. Энэ хүнийг амьдад нь хайрлаач” гэж бичсэн гэсэн.

-Монголын уран зохиолын өнөөгийн төвшинг хэрхэн дүгнэдэг вэ?

-Маш сайн байгаа. Би Монголын уран зохиол руу муу үг унагах дургүй. Гаднын уран зохиолыг хуулбарладаг цөөн хэдэн хүнд л шүүмжлэлтэй ханддаг. Монгол үгний амь гэж юм бий. Түүнийг жаахан бүдгэрүүлэх гээд байдаг юм...

Надад Очирбатын Дашбалбар агсан дорнын уран зохиол, өрнийн уран зохиол, буддын шашин гурвыг хоёр жилийн хугацаанд зааж сургасан хүн. Ийм учраас ялгаа заагийг нь бага боловч гадарлана аа.

-Та багшийнхаа тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Миний багш Жамъянгийн Болд-Эрдэнэ гэж агуу хүн байлаа. Шагдарын Уянга ах ч миний сайхан нөхөр явлаа. Тогоонтөмөрийн Содномнамжил гээд сайхан хүмүүс бүгд архинаас болж тэнгэрийн оронд очсон доо. Би тэдний архи уудаг байсныг хэзээ ч буруутгадаггүй. Энэ бол бодлогоширол. Дотроо асар их юм бодож, түүнийгээ боловсруулах технологи нь архи. Архи уудаггүй зохиолч гэж байдаггүй юм. Ар гэр, хүүхэд нь хэр арчаатай вэ гэдэг л чухал.

-Таны шүтдэг яруу найрагч Сергей Есенин уу?

-Би түүнийг хүндэлдэг. Шүтдэг гэвэл Александр Блок. Есенин тосгоноос хамгийн түрүүнд Блок дээр очсон байдаг. Блок түүнд, “Өөрийнхөөрөө яв. Чи болж байна” гэж хэлсэн гэдэг.

-Тэгвэл таалагддаггүй нь хэн бэ?

-Максим Горький. Нэг л худал санагддаг... Миний бодлоор ЗХУ задарснаас хойш Орост олигтой зохиолч гараагүй шүү. Яруу найрагч ч мөн ялгаагүй.

Миний багшийн хэлсэн нэг агуу үг бий. “Ядуугийн зовлонг ядуу хүн л ойлгоно. Харин яруу найрагчийг зовлон л ойлгоно” гэж. Үнэн үг шүү.

 “Ардын дунд бодлогоширч явсан

Авьяаслаг найрагчийн гишгэсэн мөрийг

Зууны дараах цэцэг бүрхэж

Зулзаган хус шиг охид зүүдлэнэ” гэж нэг шүлэгийн сүүлийн дөрвөн мөрт юм. Ямар ч зохиолч жаргаж юм бичдэггүй. Зовж байгаад түүнийгээ архиар даруулж байгаад тархинаасаа гадагшлуулдаг байхгүй юу.

Би гурван тэмдэглэлийн дэвтэр дүүрэн бүтээлээ “Дайн ба Энх” хамтлагийн нэг нөхөрт “Хадгалж бай” гээд өгтөл нүдэн дээр минь шатааж билээ. Нэг л сонин санагдсан. Дахин бичих гэхээр улам дордуулах байхгүй юу. Яагаад гэхээр би толгойноосоо нэгэнт суллачихсан болохоор ахиж бичиж чадахгүй. Тэр нөхөр “Дуртайгаараа наад архиа ав” гээд надад 20 мянган төгрөг өгөхөөр нь аваагүй. Уг нь гайгүй юм хийчихлээ гээд өгсөн юм. Түүний өгсөн мөнгө нэг л сүжиггүй санагдсан даа... Бас Өвөрмонголын нэг хүүхэнд шүлгийн нооргуудаа өгсөн чинь өөрийнхөө нэр дээр ном гаргачихсан байна билээ. Монголд ирээд “Сэмбээ уучлаарай” гээд 100 мянган төгрөг өгсөн. Би тэр үед үнэхээр ядруу явж байсан болохоор өгсөн мөнгийг нь авсан ч баярлаагүй. Хүний уран бүтээлийг өөрийнхөө нэр дээр гаргасан түүний өмнөөс их ичсэн. Ер нь ийм зүйл олон тохиолдсон доо. Саяхан Францад гаргасан миний бүтээлийн шагнал гэж 150 мянган төгрөг өглөө. Бүтээл мөнгөөр хэмжигдэх зүйл биш ч дор хаяж сая төгрөг гаргаж өгмөөр юм.

-Зохиолч хүн зовж бичдэг гэлээ. Тэгвэл та…?

-Би нэг шил архитай, тухтай газар ийш тийш холхиж байгаад буулгадаг. Тэгж байгаад цаг хагаст багтаагаад дуусгачихдаг. Ер нь санаа цаанаасаа үерийн ус шиг урсаад л орж ирдэг юм... Би одоо хүнд итгэж бүтээлээ хадгалуулахаа больсон. “Утга зохиол, урлаг” сонин дээр миний шүлэг өөр хүний нэрээр гарсан байсан. Ямар ч уран бүтээлчийн бичлэгийн арга барил танигддаг юм шүү дээ. Тэгээд, “Энэ хүнээс архи авах эрхтэй болж байгаа юм байна” гэж бодсон. Энд тэнд таараад “Ганц юмны мөнгө өгч туслаач” гэхэд дуртай нь аргагүй өгдөг юм. Ер нь эд хөрөнгөө алдсанаас дор юм болно шүү. Тамаа цайж бичсэн зүйлээ өөр хүнд алдах сайхангүй ээ.

-Монголын яруу найрагчдаас таны хүндэлж явдаг нь хүн хэн бэ?

-Миний багш Жамъянгийн Болд-Эрдэнэ. Багш болохоор хэлж байгаа юм биш шүү. Бас Р.Чойном байна. Хүмүүс түүнийг муу хэлдэг ч түүн шиг бүтээл гаргасан нь хэд вэ. Баттогтох бол бас том үзэгдэл. Даанч 20 гаруйхан насандаа бурхан болсон доо. Над шиг хөл муутай хазгар хүн байсан юм билээ.

-Сүүлийн үед сэтгэлд тань нийцсэн бүтээл гарав уу?

-Дүү нарын бүтээлүүд гоё байна. Хашчулуун гээд залуу бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ном ч гаргаагүй гэсэн. Одоо хаана явдаг юм, бүү мэд. Хашаадаа их хайртай даа.

-Таны бие лагшин одоо хэр байна вэ?

-Муу ахынх нь амьдрал дуусч байна даа. Уг нь сууж байсан эхнэр Цэрэндолгортоо “Би 85 хүрээд үхнэ” гэж ам гарч байсан юм. Худлаа юм байна (уйлав). Зүрх их өвддөг болсон. Архи уухаар өвдөх нь намждаг. За даа, тэгээд болно доо, болно...

А.Сүх 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    22 цаг 9 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    Уржигдар 15 цаг 10 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    Уржигдар 11 цаг 14 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    Уржигдар 09 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    Уржигдар 09 цаг 39 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    Уржигдар 09 цаг 08 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК