

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд болох “Эрүүл хүнс-2012” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны бүртгэлийг ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 504 тоотод, “Алтан намар-2012” –ын бүртгэлийг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 503 тоотод, “Шилмэл мал-2012” үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бүртгэлийг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зоихцуулах газрын 303 тоотод бүртгүүлэх юм байна. Ингээд үзэсгэлэнгийн бүртгэл есдүгээр сарын 17-ны өдөр дуусах ажээ. Нэгдсэн арга хэмжээтэй холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дараах зааварчилгааг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд өгч байна.
1. Үзэсгэлэнгийн талбайн урьдчилсан хуваарилалтыг ҮХААЯ-ны холбогдох газар хэлтсээс зохион байгуулж, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хийнэ.
2. Үзэсгэлэнд оролцох ААН, байгууллага, иргэд 2012.09.24-ны 18 цагт үзэсгэлэнгийн стендийг тохижуулж, үзэсгэлэнд танилцуулах бараа бүтээгдэхүүнийг бүрэн татаж авсан байх шаардлагатай.
3. 2012 оны 9 дүгээр сарын 26 –ны өдрийн 12.00- 15.00 хооронд үзэсгэлэнгий нээлтийн ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэнгийн төв хаалгаар бараа бүтээгдэхүүн, машин техник хэрэгсэл оруулж, гаргах урсгал өдрийн 12.00 цагт бүрэн хаагдана.
Долоо дахь жилдээ болж буй “Намрын ногоон өдрүүд”-ээр хэрэглэгчдэд шинэ ногоо, дотоодын болон импортын бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор дэлгэх ажээ. Энэ удаагийн арга хэмжээ экологийн, цэвэр, тэжээллэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор архи, согтууруулах ундаа, тамхийг үзэсгэлэнд худалдаалахгүй талаар албаныхан онцолж байна.
Ц.Болор