Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа 1,5 сая иргэний 1 сая нь хөдөлмөрийн насныхан байдаг. Тэдний 70 хувь буюу 700 мянга нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгчид юм. Цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийг тасалдуулахгүй байх үүднээс ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл гаргасан. Гэвч уг зээл бодит байдалд жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй байгааг ЖДҮ эрхлэгчид хэлж байна.
"НАБО" урлангийн үүсгэн байгуулагч Н.Болд “Анх 2003 оноос гэр бүлээрээ үндэсний болон орчин үеийн хувцас урлаж, өрхийн хэмжээнд үйлдвэрлэж эхэлсэн. Ковидын үед бусад газрын адил орлого тасалдаж, аль болох хичээж ажиллаж байгаа. Оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. "Ковид 19"-ийн оргил үед орлого тасалдсан. Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлэнд хамрагдах гэж оролдсон ч чадахгүй байгаа.
Хоёр ч банкинд материалаа бүрдүүлж өгсөн боловч зээл гараагүй.
Хэрэв зээлд хамрагдаж чадвал үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжтой. Гэвч чадахгүй л байна” гэлээ.
Тэгвэл ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл Хувиараа бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй байж чадахгүй байгаа шалтгааныг "Зээлийн батлан даалтын сан"-гийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэгээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
-Танай байгууллагаас ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хэчнээн төгрөгийн батлан даалтыг гаргаад байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас цар тахлыг даван туулахад 10 их наядын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2 их наядын зээлийг банкаар дамжуулан гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг гаргасан. Уг зээлийг гаргахад барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэгт нь буюу батлан дааалт гаргах зохицуулалтад манай "Зээлийн батлан даалтын сан" оролцсон. Бидний зүгээс гурван хүүтэй зээлд батлан даалттай зээл маш бага орсон гэж үзэж байгаа. Одоогоор 54 тэрбумын зээлэнд 28 тэрбумын батлан даалтыг гаргаад байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт юм.
-Уг зээл хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт хүрч чадаж байна уу?
-Зээлийн батлан даалтын сангийн тухайн хуульд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт чиглэсэн батлан даалт гаргана гэж заасан байдаг. 2019 оны наймдугаар сараас эхлэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нь аж ахуй нэгж байна гэж зааснаас хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд энэхүү томьёололд орохгүй болчихсон. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэд 3 хувийн хүүтэй зээлд "Зээлийн батлан даалтын сан"-гийн зүгээс хамрагдах боломжгүй байгаа юм.
Тиймээс энэ байдалд бид дүгнэлт хийж, цаашдаа үйлчилгээгээ өргөн цар хүрээтэйгээр аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт хэрхэн хүргэх вэ гэдэг талаасаа хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, “Зээлдэгч” гэдэг нэр томьёог оруулахаар ажиллаж байна.
Банкнаас гарсан зээл Зээлийн батлан даалтын санд ордог. Хамгийн анхны материалаа өгөх газар нь банк юм шүү. Тиймээс яг банк дээр ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Цар тахлын үед танай байгууллагаас иргэд рүү чиглэсэн ямар үйлчилгээг нэвтрүүлж байна вэ?
-Манайх өмнө нь банк болон ББСБ-ын үндсэн батлан даалт болон Азийн хөгжлийн банкны “Мон 338” төслийн батлан даалтыг хариуцдаг байсан. Үүн дээр ажлын байрыг дэмжих гурван хувийн зээл нэмэгдсэн. Цар тахлын үед манайх хамтран ажилладаг банк болон ББСБ-ынхаа тоо, хүрээллийг нэмсэн. Энэ нь жижиг зээл авч чадахгүй байгаа хүмүүст хүрч, үр дүн гарч байгаа. Мөн “Мон 338” төслийн зээлийн жилийн хүү нь 12-15 хувьтай байдаг. Бид цаашид энэ зээлийнхээ хүүг бууруулахаар зорин ажиллаж байна.
А.Сүх