Өнөөдөр “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээтэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэргэжилтнээс мэдээлэл авлаа. Тэрбээр “Сар бүрийн гуравны өдөр Цусаа бэлэглэх өдрийг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа. Төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Өнөөдөр “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ болж байна. Энэ өдрийн гол зорилго бол тогтмол хугацаанд цусаа бэлэглэсэн хүмүүсийг алдаршуулах, тэдгээр хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үндэсний донорыг өргөжүүлэхэд иргэдийг оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна. 10,20,30 удаа цусаа өгсөн бол бахархал тэмдгээр урамшуулдаг. 35 удаа цусны бүрэлдэхүүн эсээ өгсөн бол хүндэт донор, 70 дээш удаа өгсөн бол хүрэл донор, 100-аас дээш удаа өгсөн бол мөнгөн донор, 150-аас дээш удаа өгсөн бол алтан донор өргөмжлөлөөр өргөмжилдөг. Донорын өргөмжлөл хүртсэн нийт 200 гаруй хүмүүс бий. 17-60 насны 45 килограммаас дээш жинтэй иргэд өгөх боломжтой. Бүх насны хүн хүндэт донорын болзол хангах боломжтой. Улаанбаатар хотод гурван цус цуглуулах төв бий. Хэвийн үед өдөрт 100-150 донор цусаа өгсөн тохиолдолд цусны нөөцийг бүрэн цуглуулдаг. Цар тахалтай холбоотойгоор өмнөх хоёр онд цус өгөлт буурсан. Харин өнөөдрийн байдлаар гурав дахин өссөн байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)