

Харин “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос зохион байгуулж байна. Илтгэл хэлэлцүүлэгт шалгарсан залуу судлаачдад БШУ-ы сайдын нэрэмжит судалгааны Грантыг жил бүр олгодог. БШУ-ны сайдын тушаалаар 2010 онд “Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Грант олгох журам”-ыг шинэчлэн баталсан. Бага хуралд шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй 35 хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаач, багш нар зургаан салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлдэг юм.
Залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана:
• Техник технологийн салбар-2012 оны 10 дугаар сарын 6
• Байгалийн ухааны салбар -2012 оны 10 дугаар сарын 12
• Геологи, газар зүйн салбар -2012 оны 10 дугаар сарын 13-14
• Биологи, хөдөө аж ахуйн салбар -2012 оны 10 дугаар сарын 20-21
• Нийгмийн ухааны салбар - 2012 оны 10 дугаар сарын 26
• Анагаах ухааны салбар -2012 оны 10 дугаар сарын 27-нд тус тус болно.
Бага хурлыг зохион байгуулах, шилдэг судлаачдыг шалгаруулах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нэгж, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Залуу эрдэмтдийн холбоо хамтран гүйцэтгэнэ.
Жил бүр 400 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд бага хуралд оролцож шилдэг бүтээлээрээ шалгарсан 10 хүртэлх залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Грантыг /тус бүр 2 сая төгрөг/ салбар хуралдааны шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог юм. Уг Грантыг эрдмийн зэрэг хамгаалах бүтээл боловсруулах, судалгааны ажлынхаа онол, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнг бататгах, гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцох зэрэгт зориулан ашигладаг гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээллээ.