Нийслэлд өнөөдөр 15.00 цагийн орчимд усархаг аадар бороо орлоо. Борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлт захын орчимд хонхор хэсэгтээ усны түвшин жийп машины дугуйн дээгүүр татаж, нийслэлээс баруун чиглэлд гарах болон хот руу орох замд түгжрэл үүссэн байна.
Хөдөлгөөнд оролцож байсан нэг машин усанд урсаж замын далан руу унах шахсан, зарим тээврийн хэрэгсэл усанд автан зогссон тул цагдаагийн алба хаагчид жолооч нарыг хэсэг хугацаанд хүлээгээд замд гарахыг анхааруулж байна. Мөн үерийн усны түвшин нэмэгдэж байгаа тул ТЦА-наас хот руу нэвтрэх болон гарах автомашинууд хэсэг хугацаанд хүлээж, усны түвшин багассан хойно явахыг анхаарууллаа.
ТЦА-наас хот руу орох чиглэлийн машинууд 61-ийн гармаар гарч, Баруунтурууны даваагаар даван хот руу орох боломжтой гэсэн мэдээлэл өгсөн боловч жолооч нар “61-ийн гарам мөн усанд автаж, зорчих боломжгүй болсон” хэмээж байв.