Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт 8, зүүн бүсийн үйлдвэрт 4 шугамаар хоногт 2,000-2,200 тн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонн түлш нөөцөлжээ.
Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болголоо.