
Мөн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлт тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирсэн. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн юм. Тиймээс Э.Эрдэнэжамъяангийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан өөрөө ч АТГ-т “Би Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газрын албан ёсны цахим хуудас руу нь и-мэйл явуулсан нь үнэн. Хилсээр ял шийтгүүлсэн, улс төрийн хэрэгт холбогдсон хүний хэрэгт холбогдож буй сэжигтэн Монголын иргэдийг эрэн сурвалжилж байгаа нь Интерполын үндсэн хуулиа зөрчиж байгаа юм биш үү. Тиймээс энэ хоёр хүнийг эрэн сурвалжлахаа зогсоогооч гэдгийг л бичсэн” хэмээн анхны мэдүүлгээ өгөөд байгаа.
Хуулийн дагуу асуудал ийм. Гэтэл нөгөө талд АН-ынхан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанг огцруулах талаар хэдийнээ яриад эхэлчихсэн байна. Тэд “Н.Энхбаярын намынхныг ингэж давраахгүй, Н.Энхбаярын бодлогоор Засгийг самрах гэж байна” хэмээн хоорондоо ярилцсан талаар эх сурвалж мэдээлэв.
Мөн зарим гишүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд “Дэд сайдаа анхааралдаа байлгасангүй. Танай дэд сайд тив алгасаж, улс гүрэн дамжуулж захидал илгээдэг” хэмээн үг хаясан аж. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч Э.Эрдэнэжамъяанг огцруулах талаар санал нэгдээд байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Юутай ч “Монголд хүний эрх зөрчиж байна, Н.Энхбаярыг хэлмэгдүүлжээ” гэдэгт олон улсынхан анхаарлаа хандуулах галыг Э.Эрдэнэжамъяан өөрөө тавьсан болохоор түүнийхээ хариуцлагыг хүлээх үүрэг ч түүнд ирээд байгаа юм.
Асуудал цааш хэрхэн өрнөхийг мэдэхгүй. Гэхдээ шинэ Засгийн газрын бялуу хуваалтаар дэд сайдын суудалд суусан Э.Эрдэнэжамъяангийн асуудлыг одоогоор АН-ынхан зөвхөн дотроо л ярилцаж байгаа юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (31)