Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын эхний 7 хоногийг "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдрүүд" болгон тэмдэглэдэг. Энэ жил манай улсад “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриа дор тэмдэглэж байна.
Ажлын байран дээр хөхүүл ээжүүдийг дэмжих бодлого нь зөвхөн тухайн ээж, хүүхэд, гэр бүлд төдийгүй нийгэмдээ оруулж буй чухал хөрөнгө оруулалт билээ
Манай улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ. Нялх болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсад хэрэгжүүлж байна.
Эхийн сүү нь эсрэг биетүүд болон дархлааг дэмжих бодисыг агуулдаг учир таны хүүхдийг амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлж, дархлаажуулж чадна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.
Хүүхэд эхийн сүүгээр хооллосноор,
- Дунд чихний үрэвсэл 23 хувь
- Гэдэсний халдварт өвчин 64 хувь
- Ханиад томуу 63 хувь
- Харшлын өвчлөл 27-42 хувь
- Чихрийн шижин 30-40 хувь
- Цус багадалт 15-20 хувь
- Амьсгалын замын халдвараар өвчлөх эрсдэл 72 хувиар буурдаг байна.