Монгол Улсын 24 дэх аварга П.Бүрэнтөгс Өмнөговь аймгийн "Аваргуудын өргөө"-нд бүсээ хадгалууллаа. "Бидний бүрэн Монгол ТББ"-аас хэрэгжүүлж буй "Бүрэн Монгол гэр" төслийн сүүлийн гэр гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймагт болж, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн Ц.Буянмөнхийн гэр бүлд иж бүрэн тавилгатай, зургаан ханат өргөө гэр гардуулсан билээ.
Ёслолын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга н.Идэрбат болон Номгон сумын Засаг дарга С.Идэрсүрэн нарын албаны хүмүүс оролцож, “Бүрэн Монгол” төслийн хамт олонд хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Манай аймгаас үндэсний бөхийн аварга цолтон хараахан төрөөгүй байгаа. Тиймээс аварга цолтон төрүүлэхийг бэлгэшээж аймагтаа “Аваргуудын өргөө”-г нээсэн.
Энэ өргөөнд аварга цолтой хүмүүсийн нэг нэг эд зүйлийг хадгалж, тахидаг. Тухайлбал, Д.Хадбаатар, Г.Эрхэмбаяр аваргын зодог шуудаг, Д.Дамдин аваргын хөшөө, Г.Дэмүүл арслангийн эдлэл хэрэглэлүүд байгаа.
Аварга П.Бүрэнтөгс маань бас дурсгалын зүйлээ үлдээх байх" гэсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс "Бүрэн Монгол"-ын лого бүхий бүсээ өглөө.
Тэрбээр “Аваргуудын өргөө" нээж, дурсгалын зүйл, эдлэл хэрэглэлийг нь өргөөндөө залж байгааг тохиолдуулан “Бүрэн Монгол” төслийнхөө лого бүхий бүсээ бэлэглэж байна. Бүс бол хүний хийморь шингэсэн зүйл. Энэхүү төсөлдөө зориулж гурван бүс хийлгэсний нэг нь энэ юм" хэмээн онцлов.
Сэтгэгдэл (1)