Монгол Улс, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой энэ сарын 12-ны өдөр уулзаж, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэхэд мэдлэг, туршлага, технологийг ашиглах, Шведийн компани, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцов.
Тухайлбал, Хархорин хотын хөгжлийн концептийг боловсруулах олон улсын нээлттэй тендерт Шведийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулах, хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр “SwedFund”-тай хамтран ажиллах боломжийг судлах саналыг сайд Ц.Даваасүрэн тавьсныг БХБЯ мэдээллээ.
Монгол Улс, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн хугацаанд бизнесийн харилцааг ирээдүйд өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдсан гэдгийг Шведийн Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд А.Карлссон тэмдэглээд хамтын ажиллагааг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн чиглэлээр идэвхжүүлэх нөөц бололцоо байгааг онцоллоо. Швед Улс холбогдох сонирхсон компаниудын хамт Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хамтын зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.