
Тиймээс бүх ажил мэргэжлийн биш юм аа гэхэд гол салбарын ажлын давуу тал болон сул талыг гэргий нар маань мэдэх хэрэгтэй. Магадгүй таны найз залуу жагсаалтанд хамрагдаж байвал ирээдүйд юунд бэлэн байх хэрэгтэйг сонжоорой.
Урлагийн салбарт ажилладаг залуу:
Дуучин, жүжигчин, яруу найрагч, зураач гэх мэт авьяас чадвараа түлхүү ашигладаг залуус энэ бүлэгт багтана. Урлагийн мэдрэмжтэй учраас тэд чамайг уран яруу үгсээр хайлуулж, гэнэтийн сюрпризүүд барьж, халамж хайраар дутаахгүй. Харин чи түүнийх болсны дараа /гэрлэсний дараа/ маш их зүйлийг тэвчих хэрэгтэй гэдгийг анхаараарай. Завгүй хуваарь, шахуу төлөвлөгөө, аялан тоглолт, сайн дурын томилолт гэсээр гэртээ байхгүй шахам “байх” хүнийг ойлгож, хайрлаж амьдрана гэдэг тийм ч амар даваа биш. Тийм ч учраас ихэнх дуучид, жүжигчид адилхан урлагийн салбарын хүнтэй гэрлэсэн байдаг. Гэхдээ чи тэвчээртэй байж, түүний унах босох бүх үед нь хамт байж чадвал, үе үе ховор бөгөөд давтагдашгүй бэлгийг хайрт чинь барих болно. Сая болсон Номин талст хамтлагийн тоглолтоор Дэлгэрмөрөн эхнэртээ нулимас унагам сайхан үгийг хэлээд 999 сарнай бэлэглэснийг санаж байгаа биз дээ?
Спортод бүх зүйлээ зориулсан залуу:
Долоо хоногт хоёр удаа заал авч сагс тоглодог залууг яриагүй юм шүү. Сонгосон спортоороо багаасаа хичээллэж, “Спорт бол миний ажил, амьдрал” гэж ам бардам хэлдэг залууд сэтгэл зүрхээ өгсөн бол юуны түрүүнд баяр хүргэе! Тэр дурласан спортдоо үнэнч шигээ чамд ч гэсэн насан туршдаа үнэнч байна гэсэн үг. Харин спортын хүнд маш их халамж, хайраас гадна ар талыг нь бүрэн авч явах итгэлтэй хань хэрэгтэйг санаарай. Түүнд загварын тайзнаас буугаад ирэв үү гэлтэй үзэсгэлэнт бүсгүйгээс, бэлтгэлээ тараад шөнө дөлөөр харьж ирэхэд нь хүүхдүүдээ сайхан унтуулчихаад хоолыг нь халаагаад хүлээж байх эхнэр илүү чухал. Чиний үргэлжилсэн их дэмжлэгийн ачаар нэг л өдөр тэр Олимпийн медаль гартаа барьчихсан зогсож байх вий.
Хувийн бизнес эрхэлдэг залуу:
Хувиараа аж ахуй эрхэлдэг залуус амьдралын үнэ цэнийг ухаарч, түүнийхээ төлөө өөрөө л явах ёстой гэдгийг эрт ойлгосон байдаг. Тиймээс хань болох бүсгүй нь бизнесийг нь ойлгож, мухардалд орвол шинэ санаа хэлж өгдөг байвал гэрлэлт чинь аз жаргалтай болно. Хэдий тийм ч хайртын чинь бизнес бүтэлгүйтэж, бүх зүйл орвонгоороо эргэсэн үед хамтдаа эрсдэлийг хүлээж, давахын төлөө зүтгэх итгэл, эрч хүч хэрэгтэй шүү.
Төрийн албан хаагч залуу:
: Дээрх гурван залуусаас ялгаатай нь тэр өдөр болгонтой уралдаж, олон зүйл амжуулж бүтээх гэж гүйхгүй. Тийм ч өндөр цалинтай биш төрийн албан хаагч залуу гэртээ тогтсон цагт ирж, хоол хийхэд чинь туслаж, хүүхдүүддээ хичээлийг нь давтуулж өгнө. Амар тайван, нэгэн хэмнэлийн амьдралд дуртай бүсгүйчүүд ийм залууг хүсэх нь зүй боловч заримдаа түүнийг эрчимчүүлж, тогтсон хэв загвараас нь гаргаж байвал хамтын амьдрал илүү сонирхолтой, үргэлж шинэлэг байх болно.
Улс төрч залуу :
Амбицтай, улс төрийн лидер болохыг хүсдэг залуутай гэрлэвэл “Дуулсан ч дуулаагүй юм шиг байх” зарчмыг юун түрүүнд баримтлах хэрэгтэйг санаарай. Хичнээн сайн улс төрч байгаад ч бусдын хэл амнаас холуур тойрдоггүй. Ялангуяа өөрт нь халдаж чадахгүй байвал хамгийн эхний бай эхнэр нь байх болно. Тиймээс хайртай залуугийнхаа зоридог зүйлд итгэл үнэмшилтэй байж, түүний улс төрийн карьерийг хөөдөхгүйгээр биеэ үргэлж зөв авч явах хэрэгтэй. Хэзээ нэг өдөр улс төрчийн гэргийн албыг сахихаас залхаж, жирийн тайван амьдралыг хүсэх үедээ “Одоо болно оо хайрт минь” гээрэй. Таны үгийг тэр ерөнхийлөгчийнхөөс ч дээгүүрт тавьдаг бол хүсэлтийг чинь зөвшөөрч, энэ олон жилийн зүтгэлийг чинь бодоод таны хүссэнээр амьдрана.
Төгс хүн гэж хэзээ ч байдаггүй. Таны гэрлэлтэнд төгс тохирсон ажил мэргэжил ч гэж байдаггүй. Тиймээс найз залуу, ханийнхаа ажлын онцлогийг ойлгож, гэр бүлдээ ашигтайгаар эргүүлж сурах нь чухал. Гэхдээ хамгийн гол бөгөөд цорын ганц үнэн бол та хайртай хүнтэйгээ л гэрлэвэл хамгийн жаргалтай амьдрана гэдгийг санаарай.
Сэтгэгдэл (1)