“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй “Хөвсгөл нүнжиг” брэндийн үүсгэн байгуулагч Б.Нямжавтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ? Хөвсгөл аймгаас ирж оролцож байна уу?
-Тийм ээ. Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод хоёрдугаар сарын эхээр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн. Бид “Хөвсгөл нүнжиг” брэндээрээ анхны удаа сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
-Үзэсгэлэн худалдаанд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна вэ? Үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлээс энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчдэд үнэгүй талбайгаа ашиглуулж байгаа. Тийм ч учраас манай бараа бүтээгдэхүүнүүд бүгд үйлдвэрийн үнээр зарагдаж байгаа.
Манай брэнд мах махан бүтээгдэхүүнээс царцаамал, цагаан загас, жимсний чанамал, жимсний чанамалаар хийсэн бэлгийн сэтүүд, цагаан идээ,жимсний өтгөрүүлсэн шүүс зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.
-“Хөвсгөл нүнжиг” брэнд хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай брэнд Хөвсгөл аймагтаа шилдэг үйлдвэрлэгч брэнд болсон. Үүсгэн байгуулагдаад энэ жил 15 жил болж байна. “Хөвсгөл нүнжиг” брэнд маань хөвсгөл аймгийн бүх сум, Улаанбаатар хотын бүх захууд, Эрдэнэт Дархан хотуудад борлуулагддаг.
-Бүтээгдэхүүнүүдээ аймагтаа үйлдвэрлэдэг үү? Хадгалалтын хугацаа ямар байдаг вэ?
-Царцаамал 14-21 хоног, нөөшилсөн бүтээгдэхүүн, жимсэн бүтээгдэхүүнүүдийн хувьд жилийн хугацаанд хадгалах боломжтой. Манай бүтээгдэхүүнд хугацаа уртасгах, үнэр амт оруулах бодис огт ордоггүй тул бүгд байгалийн гаралтай л бүтээгдэхүүнүүд байгаа.
-Сар шинийн баярт зориулсан багцууд бий юу?
-Одоогоор дөрвөн нэр төрлийн багц бий. Үнийн хувьд үйлдвэрийн үнээрээ буюу 16-28 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа