Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт хөвсгөр үүл мэт амтат талх хийх жорыг хуваалцаж байна.
Сүүлийн үед өнгө өнгийн, зөөлөн зефир мэт харагдах талх сошиол орчинг байлдан дагуулаад байна. Энэхүү талхыг хийа хэд, хэдэн жор байдаг бөгөөд хүсвэл хүнсний будаг, жимсний шүүс зэргийг чөлөөтэй ашиглаж болдог байна. Харин хамгийн энгийн хувилбарыг хийхийн тулд ердөө л өндөгний цагаан, элсэн чихэр болон эрдэнэ шишийн цардуул хэрэг болно. Ингээд хоолныхоо цэсэнд өөрчлөлт оруулж, амттан хийхийг хүсэж буй хүмүүст зориулан хөвсгөр талхны жорыг хүргэж байна.
Орц:
- 3 ш өндөгний цагаан
- 2,5-3 х.х. элсэн чихэр
- 1 ц.х. эрдэнэ шишийн цардуул (шигших хэрэгтэй)
- ¼ ц.х. ванилийн ханд нэмж болно
- Хүсвэл талхны дээрээс дурын самар, хатаасан жимс нэмж болно
Хийх жор:
- Өндөгний цагааныг миксер ашиглан сайтар холино. Тэгэх зуураа бага багаар элсэн чихэр нэмнэ. Эцсийн үр дүнд талхыг хөвсгөр, зөөлөн болгохын тулд хэтрүүлэн миксерээр хольж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс зуурмагаа хэт өтгөрүүлж болохгүй юм. Бэлэн болсон зуурмаг дээр цардуул нэмнэ.
- Шарах шүүгээний тавцанг зориулалтын бор цаасаар бүрнэ. Резин материалтай хутгуураар зуурмагийг шарах шүүгээний тавцан дээр байршуулж бөөрөнхий хэлбэр гаргана.
- 150 градусын шарах шүүгээний доод хэсэгт шаргал болтол нь 15-20 минут шарна.
Хэрэв шоколадны амттай талх хийхийг хүсвэл жорын эхний алхам дээр 1 х.х. какао нунтаг хийж, миксерээр холиход л болно.
Д.Батчулуун