“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Архангай аймагт, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт амжилттай зохион байгуулсан билээ. Харин өнөөдөр “Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.
Хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгчид оролцож байна.