Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд "Үндэсний" гэх тодотголтой номын баяр гурван өдөр болж өнгөрлөө. Мөн "огцрох амархан" уриатай жагсаалаа зэрэгцүүлэн үргэлжлүүлж байсан.
Үнэндээ номын баяр улиг болох шинжтэй. Томчууд нь нэг нэг асарт Сүхбаатарын талбайн хоймор хавиар залуус нь нэг асарт "бөөгнөрөн" номоо борлуулах аядав. Борлуулна ч гэж дээ, таньдаг хэдэн хүн нь үнэлсэндээ ч юм уу, хайрласандаа л номыг нь авч байгаа харагдлаа. Монголд туурвил үнэлэгдтлээ өдий жил ч биз. Оюуны хөдөлмөрийг дэмжиж үнэлдэггүй улсад нуруугаа авагдтал зүтгэж яваа хэвлэн нийтлэгч, зохиолчид "хөөрхий" л байна. Яаж ч хавчигдаж, гадуурхагдсан бичсээр л байх нь гарцаагүй ч гэлээ...
Агуулга хүргэх гэж мэрийсэн нь номтойгоо тоосонд дарагдаж хоцордог нь бодит үнэн.
Номын дэлгүүрт зарагдсан номынхоо 30 орчим хувийг өгөөд, үлдсэн жаахнаараа хэвлэлийн өрөө хаагаад, юм үлдвэл дараагийн номоо гаргачих гээд л. Бүтээн туурвигчид нь хүртэл өрнөөс өрний хооронд. Тэгээд ийм улсад хоногийн хоолны мөнгөөрөө ном авч унших нь гажууд үйлдэл шиг, утгагүй ч юм шиг. Тэглээ гээд авахаа бас хэн ч больсонгүй.
Бачуу дотортой, өөрөөсөө цааш хардаггүй "монгол хүн"-ийг бодлогоор бойжуулж байгааг уран зохиолын хичээлийн тарчигхан цаг бэлхэн харуулчихна. Хүүхдүүдийн оюуны хэрэгцээ биш юм гэхэд сэтгэлийн боловсролд бодлогоор анхаардаггүй. Гэтэл оюун тэлэхэд сэтгэл тэлдэг нь жам ёсны л санагдана.