МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Тус дурсгалт газрыг 2019 оны намар шинээр нээн илрүүлж, 2022-2024 онуудад хэмжилт болон 3D баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ.
Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны 3 булш, жирийн иргэдийн 2 булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа бөгөөд малтлагын явцад язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байгаа нь анхаарал татаж байгаа ажээ.
Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна. Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ.
Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдаж байгаа юм. Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гараад буй.
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил дээр Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төвийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны багтай хамтран ажиллаж байна.