Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон
“Анод” банкны удирдлагуудыг энэ сарын 18-нд шүүнэ. Тэднийг өнгөрсөн
арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар
ийнхүү хойшлоод байсан юм. Учир нь зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч мөн
хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч нар ирээгүй юм.

Харин үүнтэй холбогдуулан өнөөдөр “Анод” банкны хохирогчид мэдээлэл хийлээ. Тэд уг хэрэгт холбогдоод буй СЗХ-ны дарга Д.Баярсайханы хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэн мэдээлэл хийв.
Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд “Анод” банкны удирдлагуудад холбогдох урьдчилан шүүх хурал болжээ. Энэ үеэр хэрэгт хяналт тавьж буй О.Мөнхбаатар хэрэгт холбогдоод буй СЗХ-ны дарга Б.Баярсайханы хэргийг хэрэгсэхгүй болгосныг дуулгажээ. Иймд хохирогчид үүнийг эсэргүүцэн мэдээлэл хийсэн юм. Тэд Д.Баярсайханы хэргийг хэрэгсэхгүй болгосонд, мөн хэрэгсэхгүй болгосноо хохирогчдод мэдээлээгүй учир ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин Баянзүрх дүүргийн шүүх хэргийг 30 хоногийн дотор хянан үзээд хурлыг зарыг товлох байсан ч хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. 149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)