
Д.Энхээ нь 2011 оны 6 дугаар сарын 29-ний шөнө согтуугаар өс хонзонгийн сэдэлтээр эхнэр Н болон түүний гэр бүлийн 5 гишүүнийг алах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хадам эцгийнхээ гэрт очиж, байшингийн дээврийн хонгилоор дамжиж, гэрт нь нэвтрэн иргэн Б-ийн зүүн хөхний доор хоёр удаа, хэвлийн баруун хажуу талд, зүүн далны доор суганы арын шугам орчим 1 удаа хутгалж санаатай алсан, мөн 2 хүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн эхнэр Н-ийн төрсөн дүү 15 настай Ц-г өгзөг тус газар хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн түүний дүү 5 настай Х, төрсөн охин 2 настай Э нарыг ална гэж заналхийлж, хадам эх Б-ийн банкнаас зээлсэн 10 сая төгрөгийг нэхэж, 30000 төгрөгийг дээрэмдэж авсан, дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа Б-ын гэрийн хаалгыг эвдэж, цонхыг хагалан, хохирогч нарын гар утсуудыг санаатай эвдсэн байна.
Үүнээс гадна түүний үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн ажилтнуудаас автомашин, буу, сум өгөхийг шаардаж, хууль бус болзол тавьж, эхнэр Н болон түүний дүү 5 настай Х-ийн цээж, зүрхэн тус газар хутга тулган, тэднийг насанд хүрээгүйг мэдсээр байж, “ална” гэж амь биед нь заналхийлж, хүнийг барьцаалсан гэмт хэргийг тус тус үйлджээ.
Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Д.Энхээд цаазаар авах ял оногдуулсан юм.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхээд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилж, түүний биечлэн эдлэх ялын эхний 10 жилийг гянданд, үлдэх 15 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (17)