
Энэ долоо хоногт гишүүд шинээр тангараг өргөх асуудлыг чуулганы хуваарьт оруулаагүй байсан ч өнөөдөр гэнэт Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэхээр боллоо. Д.Сарангэрэлийн хувьд МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн оронд намын листээр орж ирж байгаа. Д.Арвины хувьд дахин сонгуульд илүү санал авч парламентад суух эрх нь нээгдсэн, зөвхөн тангараг өргөх л үлдээд байсан юм. Тэгвэл Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүүг яагаад ганцааранг нь тангараг өргүүлэх болов? гэдэг олон хүний сонирхлыг татаж, бас хардлага төрүүлж байгаа аж. МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын сонгуулийн хууль зөрчиж, архи тараасан, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд явуулсан гэж хэрэг үүсгээд байгаа. Тэдний хэргийг Улсын дээд шүүх хянаж, эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа юм. Гэтэл Г.Батхүү шүүхийн шийдвэр гараагүй байхад тангараг өргөх гэж байгаагийн цаад учир юутай холбоотой вэ? Ямартаа ч өчигдөр МАН, АН-ын удирдлагууд уулзахдаа "УИХ-ын чуулганы үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд" гэж энэ тохироогоо нэрлэжээ. АН-ынхан "Г.Батхүүг тангараг өргүүл, тэгвэл танай бүлэг байгуулах асуудлыг яаралтай шийдэж өгье" гэсэн гэх мэдээлэл байна. Харин МАН хариуд нь "Тэгвэл тойргоо хувааж авъя, танайх нэг суудлаа ав, манайх нэг суудлаа авъя" гэсэн бололтой. МАН-ын хувьд С.Чинзориг, Г.Төмөрхүү нарын хэнийг УИХ-ын гишүүн болгох вэ гэдгээ дотроо шийдээгүй байгаа тул нэг гишүүний суудлаа түр хадгалж, Д.Сарангэрэл, Д.Арвин нарыг тангараг өргүүлэхээр болсон сураг дуулдаж байна.
Т.Гэрэл /24tsag.mn/
Сэтгэгдэл (12)