
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн анхдугаар уралдаан өнөөдөр болно. Уг уралдааныг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байгаа аж. Уралдаанд нийт 54 дуучин, 36 хөгжимчин оролцох бөгөөд тэргүүн байрт шалгарсан хөгжимчин, дуучин тус бүрийг 5000 ам.доллараар шагнуулах юм байна. Хөгжимчид морин хуур, ятга, лимбэ, хуучир, ёочин, шанз зэрэг хөгжмийн зэмсгээр ур чадвараа харуулах бол дуучид сопрано, мицце сопрано, тенор, баритон, басс хоолойн төрөлд өрсөлдөхөөр болжээ. Оролцогчдын насны хязгаарыг дуучдын хувьд 30, хөгжимчдөд 35 хүртэлх байхаар тогтоосон байна.