
Тухайн үед АТГ-аас Э.Эрдэнэжамьяанг сэжигтнээр тооцсонооо Хууль зүйн яаманд дэд сайдын өрөөнд нь очиж мэдэгдсэн. Тэгэхдээ шууд байцаалт авахаар дайрсан хэмээн Э.Эрдэнэжамьяан мэдэгдэж байв. Харин түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байхад АТГ-ынхан Э.Эрдэнэжамьяанаас ганцхан удаа байцаалт авчээ. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учрууллаа гээд л сүржигнээд байсан хэрнээ сар гаруйн хугацаанд ганцхан удаа байцаалт авсныг олон хүн гайхаж байна. Гэвч энэ нь учиртай гэнэ. Учир нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Хэрэгсэхгүй болгоход МАХН-ынхны “тактик” их нөлөөлсөн гэнэ. МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд Э.Эрдэнэжамьяанг Интерполд захиа илгээж, эрүүгийн хэрэгт татагдсан даруйд Интерпол руу ээлж дараалан захиа илгээсэн юм. Тэгэхдээ УИХ-ын дэд дарга Л.Цогоор эхлээд, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга гэхчилэн үргэлжилсэн гэх.
Энэ нь эрүүгийн хэрэгт татагдаж, дэд сайдын суудлаас огцрохдоо тулсан Э.Эрдэнэжамьяангаа аврах “тактик” байжээ. Хэрвээ Э.Эрдэнэжамьяангийн хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр ямар нэгэн шийтгэл оноовол МАХН-аас Засгийн газарт байгаа бүх гишүүдэд адилхан арга хэмжээ авах болох аж. Учир нь УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга нар бүгд Э.Эрдэнэжамьяан шиг Интерполд захиа илгээсэн учраас. Тэгэхээр энэ бүх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад, албан тушаалаас нь түтгэлзүүлэх асуудал ярих нь Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлөх учраас ийнхүү Э.Эрдэнэжамьяангийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор зэхэж эхэлжээ.
Юутай ч МАХН-ын боловсруулсан “тактик” Э.Эрдэнэжамьяаны хэргийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлж эхэлсэн байна. Харин АТГ хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэв.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан нь гурван шатны шүүхээр гэм буруутай нь нотлогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээсэн нь түүнийг “барьж” өгсөн билээ.
Мөн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн юм. Харин өчигдрөөс эхлэн хэвлэлээр тэднийг хайх ажиллагааг зогсоосон хэмээн цацагдаад байгаа билээ. Үүнд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Б.Золбоо
Сэтгэгдэл (19)