
Шадар сайд Д.Тэрбишдагвыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан огцрох шаардлага тавьсан. Сүүлийн үед Налайхын уурхайд дарагдаж нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж, барилгын осолд олширч, 27 настай бүсгүй найман настай хүүхэдтэйгээ голд урсан Оросын хил даваад сураггүй байна. Харин үүнийг хариуцаж ажиллах ёстой Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоёул Шадар сайд Д.Тэрбишдагвын харьяанд байдаг. Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа сайдыг огцруулах нь зүйтэй гэж Ж.Батзандан гишүүн шаардлага тавьсан нь энэ аж. Тэрбээр “Онцгой байдлын асуудал хариуцаж байгаа Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн саналаар огцрох нь зүйтэй. Өндөр хөгжилтэй оронд гүүр нураад хоёр хүн нас барахад сайд нь тэр даруй огцорч байдаг” гэжээ. Мөн “Ажлаа хийж чаддаггүй, ард түмэнд бус өөрийн намынхаа хэдэн дарга нарт үйлчилдэг, эх орон нэгтнүүддээ биш, Н.Энхбаярт үйлчилдэг ийм Шадар сайд Монголд хэрэггүй” гэж үзэж огцруулах шаардлага тавьсан аж. Шадар сайд Д.Тэрбишдагва МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт байх хугацаанд хамгийн их эргэсэн хүнээр тодроод байна. Тэрбээр Н.Энхбаярын ялыг хэрэгсэхгүй болгож, суллахгүй бол Засгийн газраас гарна хэмээн мэдэгдээд байсан ч өнөөдөр таг чиг. Түүнийг намын дарга Н.Энхбаярыгаа суллуулах гэж хэн хүнээс илүү зүтгэж, хүн чанар гаргаж байгааг нь олон нийт харж байна. Гэхдээ Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг суллуулах гэж олон агентлаг хариуцдаг Шадар сайд болсон уу? гэсэн асуулт хариултаа нэхнэ. Тэрбээр Шадар сайд болсноосоо хойш Н.Энхбаярын шүүх хурлын тухай хамгийн олон удаа ярьж, хамгийн олон удаа мэдэгдэл хийсэн байдаг.
Д.Тэрбишдагва "Хэрвээ би ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйл байхгүй. Огцруулах асуудал УИХ-д орж ирээд олонхиороо огцруулах нь зүйтэй гэж үзвэл ажлаа өгнө. Ж.Батзандан улстөрийн захиалгатай зүйл хийж, өөрийгөө баатар болгох, утсан хүүхэлдэй болгох алхам хийж байгаад харамсаж байна” гэжээ. Хэдийгээр Ж.Батзандан гишүүн өөрийн карьераа өсгөх гэж Шадар сайдыг огцруулна гэж том дуугарч байгаа гэх ч одоогийн сайд нарын ажилд анхаарал тавих цаг болсон мэт. Сайдаар сонгогдвол ажил хийх эсэх нь хамаагүй болчихдог ийм жишиг тогтож байна уу? гэж зарим хүн асууж байна. Мөн "Засгийн газар байгуулагдсан 100 хоногийн хугацаанд хийсэн түүний ажлыг ШӨХТГ-ын дарга О.Магнайтай харьцуулвал ямар харагдах нь ойлгомжтой" гэж ярих хүн ч байна. Шадар сайд Д.Тэрбишдагвыг ажилдаа хариуцлагагүй хандаж Н.Энхбаярын төлөө зүтгэсэн гэж огцруулах болов уу?
Т.Гэрэл /24tsag.mn/
Сэтгэгдэл (16)