
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй "Монголын анагаах ухаан 2009-2012” үзэгэлэн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр анагаах ухааны салбарт хийсэн зарим онолын судалгааны үр дүнгээр судлаачид лекц уншихаар төлөвлөжээ. Тус үзэсгэлэн биоанагаах, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, эмзүй ба уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлээр Монгол улсын анагаах ухааны салбарт 2009-2012 онд хэрэгжүүлж дүүргэсэн шинжлэх ухааны технологийн төсөл, суурь судалгааны сэдвүүд, мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нийт 20 гаруй судалгааны ажлын явцын тайлангаас дэлгэн харуулжээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Су Нюнт-У нар өчигдөр тус үзэсгэлэнг нээж үг хэлсэн юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа энэ үзэсгэлэн нь судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах, хүн ам, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг зузаатгах зорилготойг онцлов.Харин ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У тус үзэсгэлэнд урьсанд талархал илэрхийлж судалгааны ажлын үр дүнг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж ажиллах нь зүйтэйг хэллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллага, ялангуяа 3 дахь шатны байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны нэг нь судалгааны ажил бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх, хэрэгжүүлэхэд үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хувь нэмэр оруулах юм.