Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны IX хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр Талуудын бага хурлын (COP17) бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томиллоо.
Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах юм.
Талуудын бага хурал нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ нь манай орны хувьд цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.