Монгол Ардын Намын хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын ажлын хэсэг Дархан-Уул аймгийн сумдуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Дархан сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, орон нутгийн хөгжлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Х.Эрдэнэбулган, СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Н.Булгантуул, МАН-ын Стратеги академийн захирал Т.Ням-Осор, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Ганзориг, Дархан сумын МАН-ын хорооны дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга Э.Эрдэнэтуул нар оролцов.

Уулзалтын үеэр Дархан сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх боломж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлогын талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.

Мөн орон нутгийн намын гишүүд төрийн бодлого иргэдийн өдөр тутмын амьдралд бодит үр дүн авчрахын тулд төв, орон нутгийн хамтын ажиллагааг улам сайжруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн саналыг тогтмол тусгах нь чухал гэдгийг онцлон байр сууриа илэрхийлэв.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь улс төрийн сурталчилгаа бус, гишүүд, дэмжигчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, бодлого боловсруулах үйл явцад тусгах зорилготойгоор улс орон даяар үргэлжилж байна.

























































