НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хүнсний форум” энэ жил тус байгууллагын 80 жилийн ойн хүрээнд “From Seeds to Foods” уриан дор Итали Улсын Ром хотноо болж байна.
Тус арга хэмжээнд дэлхийн 180 гаруй орны төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид болон бизнесийн салбарын төлөөлөл оролцож, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн инновацын шийдэл, экспорт, хамтын ажиллагааны шинэ чиг хандлага зэрэг сэдвийг хэлэлцэн, улс орнууд өөрийн туршлага, бүтээгдэхүүн, санаачилгаа танилцуулсан юм.
Монгол Улсаас чацаргана, ноолуур болон ингэний сүүний кластеруудын төлөөлөл оролцож, үндэсний үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүнээ олон улсын тавцанд сурталчиллаа.
Чацарганын кластерын төлөөлөл болох “Увс хүнс” ХК, “Шар доктор” ХХК, “Хэлн мэйд” ХХК компаниуд чацарганын тос, чанамал, шүүс, чихэр, шоколад, саван болон гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулж, амталгаа зохион байгуулсан нь олон улсын зочдын сонирхлыг татсан онцлох үйл ажиллагааны нэг байв.
Ноолуурын салбарыг төлөөлөн “Ханбогд кашимер” ХХК, “Снөү филдс” ХХК, “Эвсэг кашмер” ХХК, “Говь айгар” ХХК болон Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос “Ээлтэй баялаг” дундын хоршоо (EBCN) оролцож, ноолуураа сурталчлан загварын шоу зохион байгуулсан нь форумын онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдлээ.
Ингэний сүүний кластерын хүрээнд “Солид партнерс групп” ХХК, “Тесо групп” ХХК компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт, инновац, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ чиг хандлагыг харуулсан юм.
Монгол Улсын төлөөлөгчид энэхүү олон улсын чуулга уулзалтаар дамжуулан тогтвортой хүнс, хөдөө аж ахуйн хөгжил, инновац, экспорт, хамтын ажиллагааны боломжуудыг дэлхийд таниулж, “Монгол хүнс”-ний нэр хүндийг олон улсын тавцанд таниулсан чухал арга хэмжээ боллоо.
Сэтгэгдэл (1)