
"Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор" номоос бэлтгэсэн амсах хүртэйн утга учирын тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Xооллох нь амьд биеийн бие орших, үр удмаа үлдээх, цаашлаад биеэ хамгаалах биологийн үндсэн нөхцөлүүдээс хамгийн анхдагч, хамгийн тогтвортой бөгөөд шаардлагатай эрэлт хэрэгцээний нэг нь байсаар ирсэн.
Аливаа улс үндэстний өв соёлын салшгүй нэг хэсэг бол тухайн улс үндэстний орших, эс оршихын үндэс болох хоол хүнс юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицон өвлийн улиралдаа махан хүнс голдуу, хаврын тарчигхан хэцүү цагийг урин цагт бэлдэж үүцэлсэн шим тэжээлээ алдаагүй мах, борцоо, зун намрын дэлгэр цагтаа сүү цагаа идээ, жимс жимсгэнэ, өвс ургамлаар баяжуулсан, бие организмдаа зохицуулсан хүнсээ хэрэглэж байсан гайхамшигтай ухаант ард түмэн. Нийгэм соёл өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бидний амьдралын хэв маяг хооллох соёл ч даган өөрчлөгдөж байна.
Суурин газрын амьдрал, социалист нийгмийн 70 жил Монголчууд бидний амьдралд Европын соёлоос суралцсан жилүүд байсан бол 1990 оноос Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж өмнө нь хаалттай байсан барууны орнуудад олноороо зорчин тэдний хөгжил дэвшил, соёлоос суралцан улмаар хоол хүнс, хувцас хунар, амьдрах орон байр, ажиллах орчин маань хувьсан өөрчлөгдөж, хурдтайгаар хөгжиж байна.
Өнөөгийн энэ хурдтайгаар хөгжин, өөрчлөгдөж буй цаг дор уламжлалт хоол хүнсийг шинжлэх ухаанч байдлаар судлан шинжлэхэд Монгол хүний бие махбодь, эрхшээн буй цаг уур, оршин байгаа газар орны онцлогт бүрнээ тохирсон тэжээллэг, илчлэг, биологийн үнэт чанартай зөв агууламж бүхий харьцаатай бодис агуулсан хүнс хоол шаардлагатай байна. Залуучууд бид уламжлалт үндэсний хоол, хүнс гэдгийг зөвхөн эмээ, өвөө, аав, ээжийнхээ гэрийн нөхцөлд хийдэг хоолоор төсөөлж, мах, гурил голлосон цөөхөн нэр төрөлтэй, эртний уламжлал багатай гэж өнгөц ойлгодог. Тэгвэл үүнийг тийм биш, эргэж харах, эргэцүүлж бодох, сонирхож судлах ёстойг мэргэжлийн судлаачид дэлгэн танилцуулсаар байна.
Xоол хүнс нь хүний бие махбодийн эс эдийг нөхөн сэлбэж, илч үүсгэж физиологийн хэвийн уил ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм болон эрдэс бодисыг агуулдаг. Үүний зэрэгцээ биологийн идэвхт фермент, даавар, эслэг зэрэг бодисын солилцоонд шаардагдах зохицуулах үүрэгтэй бодисын эх үүсвэр болдог.
Aливаа хүнсний бүрэлдүүлбэрт уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэм, ус байх бөгөөд хүний хоногийн зохистой хэрэгцээг дурдвал: Уураг 80- 100гр, өөх тос 80-100гр, нүүрс ус нь 400гр, эрдэс бодис, аминдэмүүд мг-аас граммаар хэмжигдэх хэмжээгээр шаардагдана.
Xүнсний шимт бодис нь хүний бие махбодид шингэх (задрах) явцдаа тодорхой хэмжээний илч ялгаруулдаг. Тухайлбал 1 гр уураг 4,1, 1 гр нүүрс ус 3,8 ккал, 1 гр өөх тос 9,3 ккал, органик хүчил 2,5-3,6 ккал илч тус тус ялгаруулна. Харин бусад бодис илчлэг хэрэгцээт илчлэгийн ийн эх үүсвэр болохгүй. Иймээс хүн хоол хүнсээр авч буй уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг мэдэж байвал хоногт авах илчлэгийн хэмжээг хялбархан тооцож болно.
-УУРАГ-
Ургийг ерөнхий гарал үүслээр нь амьтны, ургамлын гаралтай хэмээн ангилна. Уураг шинж чанараараа харилцан адилгүй. Тэжээллэг чанараар нь төгс, төгс бус тэжээллэг чанартай гэж ялгана. Уургийг бүрэлдүүлэгч нь аминхүчлүүд юм. Аминхүчлүүдийг орлогдох, үл орлогдох гэж хоёр бүлэгт хуваанаа. Бүх төрлийн үл орлогдох аминхүчлүүд (8 аминхүчил) агуулсныг ТӨГС тэжээллэг, Орлогддог болон зарим үл орлогдох аминхүчил ороогүй уургийг төгс бус тэжээллэг чанартайд тооцно. Хүний биед бусад бодисоос нийлэгжин бий болдог амин хүчлүүдийг орлогдох, хүнсээр дамжин биет байдлаараа хэрэгцээ хангадаг аминхүчлийг үл орлогдох аминхүчил гэдэг. Махаар жишээлэхэд: Тарган малын булчинд төгс тэжээгддэг чанартай уураг зонхилно. Туранхай малын мах буюу бүлх, шөрмөс, шандас, хуйх, дотор мах төгс бус тэжээллэг уургаар тарган малын мах буюу тураг махнаас дутмаг байна. Эрдэмтэд уургийг амьд биеийн оршин тогтнох хэлбэр гэж нотолдог.
-ӨӨХ ТОС-
Бие махбодийн зарцуулсан илчлэгийн алдагдлыг нөхөн сэлбэх үүрэгтэй. Бүрэлдүүлэгч нь тосон хүчлүүд юм. Тосон хүчлүүдийг ханасан, ханаагүй гэж ялгана. Өөх тосны царцуу, шингэн байх шинж нь тосон хүчлийн бүрэлдэхүүнээс шалтгаална Амьтны гаралтай өөх тос ханасан тосон хүчлээр, ургамлын гаралтай нь ханаагүй тосон хүчлийн агууламжаар илүү байна. Хоол хунсэнд өөх тос дутагдсанаас илчлэгийн хомсдолд орж хүч тамир буурах, амархан ядарч сульдана. Цаашилбал бодисын алдагдаж, төв мэдрэлийн болон дархлалтын тогтолцооны үйл ажиллагаа хямрах сөрөг нөлөөтэй. Мөн тосонд уусдаг зарим амин дэмийн шимэгдэлтийг бууруулдаг. Монгол хуний хоол тэжээлийн шаардлагаас үзвэл өөх тосноос авах хоногийн илчлэгийн хэрэгцээ нь нийт илчлэгийн 35 хувь, Өөх тосны илчлэгийн 40 хувь нь ургамлын, 60 хувь нь амьтны гаралтай байвал зохистой гэж тогтоосон байна.
-HҮҮРС УС-
Xүний бие махбодийн бодисын солилцоонд оролцох байдлаас нь хамаарч нүүрс усыг шингэдэг (Цардуул крахмал, гликоген, саахарууд), шингэдэггүй (эслэг, хагас эслэг) хэмээн бүлэглэнэ. Нүүрс ус нь уургийг бодвол эс эдийг нөхөн төлжүүлэх илтгэлцүүрээр арай бага ч хэрэглэгдэх ерөнхий хэмжээгээрээ их байна. Нүүрс усны дутагдлаас төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямрах, булчин хатингарших үзэгдэл хүний бие махбодид ажиглагдана. Харин энгийн нүүрс ус ихтэй хүнс хэтрүүлж хэрэглэснээс бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдан таргалах, чихрийн шижин үүсэх нөхцөл бүрдэнэ. Энгийн нүүрс ус нь талх, гурил, гурилан бүтээгдэхѵѵн, будаа, төмс, жимс ногоо, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд элбэг. Харин амьтны гаралтай бүтээгдэхѵѵнд бага байдаг. Нvvрс ус нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнд зонхилно. Амьтны гаралтай бүтээгдэхүүнд гликоген хэмээх сүүний хүчил үүсгэдэг цардуул хэлбэрээр агуулагдана. Тэжээллэг, илчлэг аль аль чанар буй.
-АМИН ДЭМ-
Xүнсний бүтээгдэхүүний орлуулж болохгүй биологийн Идэвхит бодисын Нэг нь аминдэм юм. Түүний ихдэх буюу дутагдалаас бие махбодийн бодисын солилцоо алдагдаж, улмаар олон янзын өвчин үүсэх эрсдэл бүрдэнэ. Учир нь ихэнх аминдэм биологийн ач холбогдолтой зарим ферментийн бүрэлдэхүүнд орж бодисын солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Аминдэмийг уусах чанараар нь тосонд уусдаг/А,D,E,K / усанд уусдаг /В1,В2,B3,B6,P,PP,H,С,К/ гэж бүлэглэдэг. Аминдэмийн үндсэн эх үүсвэр нь Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ бөгөөд зун цагийн сүү, цагаан идээ аминдэм ихтэй болно.
-ЭРДЭС БОДИС-
Xүний бие махбодид эрдэс бодис нь уураг, тос, нүүрс ус, аминдэмийн адилаар зайлшгүй шаардлагатай юм. Эрдэс бодис тэжээллэг, илчлэг үнэт чанаргүй боловч бодисын солилцооны хэмнэлийг зохицуулах үүрэгтэй. Эдгээр бодисын илүүдэл эсвэл дутагдал нь бие махбодид хямрал үүсгэж улмаар олон эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Эрдэс бодис нь ясанд талст байдлаар харин зөөлөн эдэд уусмалаар байна. Хүчил шүлтийн тэнцэл, осмос даралт зэрэг физиологийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах, ясны эд эсийн төлжилтөд ашиглагдаж, зарим ферментийн бүрэлдэхүүнд багтана. Эрдэс бодисыг макро (кальци, фосфор, магни, натри, кали, хлор, хүхэр г.м). микро(цайр, зэс, алт. мөнгө, йод, фтор г.м), ультро (уран, торий, цацраг идэвхт элемент) микроэлемент гэж бүлэглэнэ.
-УС-
Амьдралыг тэтгэгч рашаан, чандмань эрдэнэ гэдэг. Амьд организмын бүрэлдэхүүний үндсэн хэсэг ус байна. Насанд хүрсэн 65 кг жинтэй хүний 40 л нь ус бөгөөд үүнээс 25 л нь эсийн дотор, 15л нь эсийн гаднах шингэнийг бүрдүүлнэ. Амьд организм шаардагдах усаа ундааны замаар, хоол хүнсний замаар, өөх тосоо задлаж дотоод хэрэгцээгээ хангах гэсэн гурван замаар сэлбэдэг. Алдахдаа шууд шингэн ялгаруулах, усаа ууршуулах хоёр янзаар алдана. Усгүй хоол, хүнс хаана ч байхгүй. Хамгийн наад захын агууламжийг нь бид амь чийг гэдэг. Ус бол амьд биед явагдах бодисын солилцоог жолоодож зохицуулдаг.. Усны дутагдалтай тал нь бичил биетэн үржих тааламжтай орчныг бүрдүүлдэг явдал юм. Ус ихтэй бол хадгалалтад тэсвэргүй, Өөх тос ихтэй зүйл ус багатай.

"Уламжлалт Монгол хоолны 99 жор" номонд орсон жор бүрийн доор тухайн хоолонд агуулагдаж буй нүүрс усыг тооцсон байгаа нь хүн өдөр тутмын хүнснээс авах нийт агууламжаас зөвхөн нүүрс усны хэмжээг тодорхой түвшинд барьж, хянаж чадсан тохиолдолд таргалалт, хоолны буруу дэглэмэээс зайлсхийх боломжтой юм гэдгийг сануулж буй хэрэг бөгөөд үүгээрээ монголчууд шиг махан хүнс голлон хэрэглэдэг ард түмэн үндсэн хэрэгцээн дээрээ суурилсан хоолны шинэ дэглэм баримтлах боломжтойг өгүүлж байгаа юм.





















































