
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан нийслэлийн зүгээс дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах, ингэснээр нэн шаардлагагүй урсгал зардлыг бууруулна” хэмээн мэдэгдсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Гантулга болон төсвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд Баянгол дүүрэгт ирж ажиллалаа.

Уулзалтын эхэнд Баянгол дүүрэгт 2026 онд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, ирэх онд,
- 19-р хороонд гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд 150 ортой Хүүхдийн эмнэлэг барихаар зураг төсвийг боловсруулсан,
- 26-р хороо, “Нарны хороолол”-д 640 хүүхдийн суудалтай 141-р сургуулийн өргөтгөлийн барилга барихаар зураг төсвийг боловсруулсан /газрын зөвшөөрөлтэй/,
- 26-р хороо, “Нарны хороолол”-д 360 ортой 100-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар зураг төсвийг боловсруулсан /газрын зөвшөөрөлтэй/,
- 3, 4-р хороолол буюу Энэбиш, Ард-Аюушийн өргөн чөлөөний 2,5км явган зам дагуух тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн,
- 22-р хороо, Баянгол өндөрлөгийн 12 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн /нийт 65 айлын нэгж талбар чөлөөлнө/
- Дүүргийн 20 байршилд авто зам шинэчлэх ажил хийхээр төлөвлөсөн,
- Нийтийн эзэмшлийн 26 байрны фасад дулаалга, 25 байрны дээвэр засахаар төлөвлөсөн болон
- Боловсролын салбар /сургууль, цэцэрлэг/-т хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Энэ уулзалт ирэх оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлийн ерөнхий бодлого, хөгжлийн зорилттой нийцүүлэх зорилготой. Ингэснээр нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжих хөрөнгө оруулалтыг давхардалгүй, үр дүнтэй төлөвлөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит төслүүдийг санхүүжүүлэх юм. 141 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын тухайд хөрөнгө санхүүг нь ирэх оны нийслэлийн төсөвт суугдахаар яригдсан. Бусад ажлыг хотын даргад танилцуулна” гэдгийг онцоллоо.
Мөн нийслэлээс ирсэн Ажлын хэсэг “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтын хүрээнд 2026 онд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт явган хүний болон дугуйн зам байгуулах, өргөтгөх, нүхэн, гүүрэн гарцыг нэмэгдүүлж хяналтын системийг бий болгоно. Энэ хүрээнд 2026 онд төвийн 6 дүүрэгт 4 багц ажлын хүрээнд нийт 89,9 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөсөн. Энэ ажилд дүүргүүд хамтарч ажиллах шаардлагатай. Мөн дүүргийн 16 дугаар хороо, Гандангаас Урт цагаан хүртэл гүүрэн байгууламж барих ажлыг эхлүүлэх бөгөөд энэ ажилд мөн саналаа өгч хамтарч ажиллах шаардлагатай гэв.
Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлогын томоохон ажлуудыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.






















































