
Өнөөдөр агентлагын харьяа байгууллагуудын албан хаагчид хүүхэдтэй ажиллах явцад асуудлыг сонсоход тулгардаг саад бэрхшээлийг даван туулах, сэтгэл зүйн онцлогт тохирсон зөв арга барилаар ажиллах, практикт зөв хэрэгжүүлэх зэрэг агуулгын хүрээнд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.
Тус сургалтыг сэтгэл зүйн гэмтэл, сэтгэл зүйн түгшүүр, сэтгэл гутрал, хагацал, гэр бүл салалт, дээрэлхэлт донтолт, зэрэг олон чиглэлээр хүүхэд, өсвөр үеийнхэнд хувийн зөвлөгөө өгдөг Камбридж хотноо танигдсан сэтгэл засалч Кэрол Роули ((M.A. University of Cambridge), Баруун хойд Английн NISCU сургуулиудтай ажилладаг байгууллагад Сонсох үйлчилгээний менежер Жэйн Каллоу нар урилгаар удирдан явуулж байна.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хэлэхдээ: Анх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын ажлыг хүлээн авахдаа салбарынхаа албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр онцгой анхаарч, заавал хийхээр зорьсон ажлуудынхаа нэг болгосон. Энэ ажил маань өнөөдрөөр албан ёсоор эхэллээ.
Албан хаагчдынхаа оюуныг тэтгэж, урам өгөх, ур чадварыг нь дээшлүүлэх цэвэр удирдлагын санаачлагын асуудал юм. Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн харилцаанд шинэ хэлбэрүүд бий болж, хүүхэдтэй ойлголцоход мэргэжилтнүүдийн хувьд ч шинээр судлах зүйл их байна. Тиймээс чадах хэмжээгээрээ албан хаагчдаа дэмжих болно гэдгээ илэрхийллээ. Та бүхэндээ амжилт хүсье.























































