
Цагаан сарын битүүний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баяраар дэвшүүлсэн мэндчилгээнд ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна хэмээсэн.
Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.
Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.
Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо хэмээн зарлаж, Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

















































