МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л. Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Шийлэгдамба "Өнөөдөр өдөр буюу 12 дугаар сарын 21-ний 11.00 цаг орчимд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн II эмнэлгээс 401 дүгээр хорих анги руу шилжүүллээ. Намын удирдлагын хувьд үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар биечилж очсон. Энэ үйл ажиллагаа нь хүч хэрэглэсэн, хүний эрхийг зөрчсөн, цаашлаад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц үйл явц болж өнгөрсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаяр даргыг баривчилж авч явсан шиг тийм л үйл явдал давтагдан боллоо. Тухайлбал, тусгай ангийн нүүрээ халхавчилсан бие бүрэлдэхүүн очиж, хүчээр өөрийг нь авч явлаа. Ингэснээр хүний эрхийг зөрчиж байна. Эрчимт эмчилгээ хийж байсан үйл явцыг зогсоож байгаа нь Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд ноцтой аюул учирч, үүссэн нөхцөл байдлыг цаашид хэн хариуцах вэ гэсэн байдлыг бий болгож байна. Түүний биеийн байдал ямар байгааг мэргэжлийн эмч нарын дүгнэлтээ гаргаж танилцуулсан. Энэ хүнд эрчимт эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага байгаа. Гэтэл эмчилгээг ингэж зогсоож байгаа нь цаашид түүний эрүүл мэндэд гоцтой үр дагавар бий болох байдал үүсч магадгүй гэсэн болгоомжлол манай намынхан болон ар гэр, өмгөөлөгчийнх нь хувьд, эмнэлгийн байгууллагын хувьд ноцтойгоор тавигдаж байна. Тиймээс цаашид энэ хүний эрүүл мэндийг харгалзан үзэж, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн саналыг өмгөөлөгчөөр нь дамжуулж тавьж байна. Даргын биеийн байдлын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхой дүгнэлт гаргах асуудлыг өмгөөлөгч нь тавьсан байсан. Тэр үед Дээд шүүхийн шүүгчдийн шийдвэр албан ёсоор гардаж авсаны дараа даргын эрүүл мэндийн байдлын талаарх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн хариу өгсөн байсан. Гэтэл 401 дүгээр анги руу шилжүүлсэн нь өмнөх хариугаа ноцтой үгүйсгэсэн үйл явц боллоо гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг дахин тавьж эрүүл мэндийг нь харгалзан үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
-Өлсгөлөн зарлах мэдээлэл байна?
-Дээд шүүхийн хяналтын шатанд Н.Энхбаяр дарга өөрөө биш, өмгөөлөгч нь гомдол гаргасан. Өмгөөлөгчийн гомдлын дагуу авч хэлэлцсэн. Дээд шүүхийн тогтоол шийдвэр өмгөөлөгчид нь очих ёстой. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга шийдвэрийг Н.Энхбаяр даргын өрөөнд очиж танилцуулах оролдлого хийсэн байгаа юм. Уг нь энэ асуудлыг өмгөөлөгчөөр дамжуулах ёстой. Хорих анги руу шилжүүлснээр эмчилгээ зогссон. Ингэснээр эмчилгээний үр дүн байхгүй болж эрүүл мэндэд ноцтой хохирол учрах аюултай боллоо. Өлсгөлөнгийн талаар албан ёсны мэдээлэл алга.
УИХ-ийн гишүүн Л.Цог:
Хорих анги руу ачих үед би байгаагүй. Бичлэгийг үзлээ. 401 дүгээр ангид очиж, хоёр цаг гаруй харлаа. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчилсан байдал давтагдсан гэж ойлгож байна. Бие нь муу байгаа, өөрийгөө чадан ядаж дааж байгаа хүнийг нүүрээ багласан хүмүүс авч явсан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянаад хоёр хэргийг хэргэсэхгүй болгосон, ялыг нь хассан. Одоогийн хоёр хэргийг хуульч хүн үзэх юм бол хэрэг гэж үзэхээр биш юм байгаа. Биеийн эрүүл мэнд сайнгүй байхад эмчилгээг тасалдуулж авч явж байгаа нь дэндүү хүнлэг бус, харгис байна. Хамгийн гол нь үүнийг таслан зогсоох механизм алга байна. Хянадаг прокурор, шүүх байх ёстой. Ерөнхийлөгч ч үүнд анхаарал хандуулж байх ёстой. Өөртэй адилхан төрийн тэргүүн байсан, дараагийн сонгуульд оролцох боломжтой байсан хүн. Үүнийг бодохоор нийгэмд дахин том түгшүүр бий болголоо гэж үзэж байна. Энэ асуудал ганцхан манай намын асуудал биш, хүн бүрт тохиолдож болох аюулт үзэгдэл үүсч байна. Бичлэгийг олон нийтэд хүргэх байх гэж бодож байна.
Г.Шийлэгдамба:
-Н.Энхбаяр даргыг хүч хэрэглэн авч явсан нь олон хүний нүдэн дээр болсон үйл явц. Бид ардчилсан улс. Энэ нь ардчиллын үнэ цэнийг алдаж байгааг харуулж байна. МАХН улстөрийн гуравдагч хүчин. УИХ-д суудалтай, Засгийн газарт ажиллаж байгаа улс төрийн хүчин. Тиймээс ард иргэддээ үнэн мөнийг шударгаар илчилж, хэлэх үүрэгтэй, хариуцлагатай гэж ойлгож байна. Тэгэхээр нийгмийг түгшээж байгаа энэ үйл явц нь Монголын ардчилалд тохиож байгаа том хохирол юм. Ийм хохирлыг цаашид гаргахгүй байх тал дээр МАХН үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдгийг хэлье.
Б.Чимэг
Сэтгэгдэл (21)