
Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Уг асуудлын талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг барилгын инженерийн цэргийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргасан. Тэр зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн.
Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулаад энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёдол тавиулсан. Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёо шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирсон.
Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагч оёогоо тавиулсан. Биеийн байдал хэвийн, ухаан санаа орж гараагүй байгаа.
Тухайн өдрийн 17:10 цаг гэхэд Баянхонгор нэгдсэн төв эмнэлэг дээр тэр цэрэг хүргэгдсэн. Тухайн өдрийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид 10 минутын хугацаанд цэргийг эмнэлэгт авч очсон. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Юугаар яаж зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэв.




















































