
Уужимхан том алхвал хальтирч унах аюул гадаа гудамжаар дүүрэн байна.
Өвлийн хүйтнээс өөрийгөө хичнээн хамгаалаад байгаа боловч хальтиргааг
даван туулж, амгалан алхах нөхцөл хомс. Тал нутагтаа том том алхалж
дадсан бид өнөөдөр нийслэлийн зам, талбайгаар нэг “уудам” алхаадахвал
сүйд болно. Тиймээс монгол алхаа гэгч мартагдаж төрөл бүрийн нэршилтэй
алхаа бий болоодохов.

Уужимхан том алхвал хальтирч унах аюул гадаа гудамжаар дүүрэн байна. Өвлийн хүйтнээс өөрийгөө хичнээн хамгаалаад байгаа боловч хальтиргааг даван туулж, амгалан алхах нөхцөл хомс. Тал нутагтаа том том алхалж дадсан бид өнөөдөр нийслэлийн зам, талбайгаар нэг “уудам” алхаадахвал сүйд болно. Тиймээс монгол алхаа гэгч мартагдаж төрөл бүрийн нэршилтэй алхаа бий болоодохов.
Хамгийн эхэнд пингвин буюу оцон шувуу алхалт. Хөлөө жаахан жаахан өргөж, ойрхон ойрхон зөөнгөө газрынхаа хэвгийг дагаж найгалзан явбал тэр пингвин алхаа болно. Заримдаа үүнийг хятад алхаа ч гэх нь бий. Угийн ёсолж, бөхийж, шогшиж гүйсээр сурсан хүмүүсийн алхаа ийм л ойрмогхон гишгэдэлтэй. Хошин шогийн жүжигт “Дэлхий цөмөрчих гээд байгаа юм шиг” алхаа гардаг. Тайзанд байсан тэр алхалт одоо амьдралд хэрэгжиж олон хүн “нэг нь ч гэсэн дэлхийгээ хайрлая” гэдэг алхааг сонгожээ. Амьдралд зовлон жаргал хосолдог гэдгийг биеэрээ харуулах хэсэг бүлэг алхагчдыг мартаж боломгүй. “Уналт, босолт” нэртэй алхаагаар голдуу хайнга явдалтай, галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй залуус, согтуу халамцуу зэрэг хүмүүс явах аж. Нэг унаад, босч амжаагүй байхдаа угсарч унаад...

Хатуу хөтүүг хааяа нэг амсаад хараал урсгаж хувцсаа гөвөгчид ч гудамжнаа олширчээ. Нэгэнт ардчилсан нийгмийг бид бүтээн цогцлоож, иргэн бүр тэгш эрхтэй, нэгний эрхээр нөгөөгийнх хязгаарлагдана гэх зэрэг суурь ойлголтуудыг мэддэг болсон ч амьдралд хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгвэл тэгш шударга ёс, ялгаварлан гадуурхалтгүй байх гээчийг толийсон зам, талбай бидэнд бодитоор харуулсаар. Үнэтэй үнэгэн шуба өмссөн үү, үүргэвчиндээ ном дэвтэр тээсэн үү, үгээгүй ядуу хүн явсан уу ялгаагүй унагаана л гэсэн бол ойчуулж чаддаг.
Гудамжинд хальтиргаа үүсгэгч үндсэн түүхий эд нь цас учраас түүнийг зогсооё гэж хэн ч хэлэхгүй. Харин цас буусан даруй дагтаршиж гөлийхөөс нь өмнө цэвэрлээд явбал савж унаснаасаа болж эмнэлэгт хүргэгдэгсдийн тоо саарна. Бид мэдээд байгаа хэрнээ хийхгүй байгаа нь хамгийн харамсалтай.

Хүн зовлонг өөрийн биеэр мэдэрч байж ухаардаг гэдэг үг худлаа болохыг өнөөдрийн нийгэмд тэгш үйлчилж байгаа хальтиргаа гулгаа харуулж байна. Өөрөө унахдаа энэ хүмүүс цасаа цэвэрлээсэй гэж боддог хэрнээ өөрийнх нь цэвэрлэх ёстой талбай цасан овоолготой мөнхрөх жишээтэй. Цэвэрлэх ёстой гэдэг үгийг ийнхүү зоригтой хэлж байгаагийн үндэслэл нь нийслэлийн албан байгууллага бүр өөрийн оршин байгаа газрын 50 метр доторх талбайн цас, хогийг цэвэрлэх ёстой байдагт оршино.
Цэх нуруу, уужим алхаагаа санагалзахын цагт цас цэвэрлэх ажлыг улам улам хүснэ. Яг тэр агшинд хуучин нийгмээ нэхэн дурсаж, субботник гэх хичнээн ач буянтай үйлс байсныг магтан сайшаадаг боллоо. Эндээс юу харагдаж байна гэвэл хийх хүнд ташуур хэрэгтэй гэсэн ганц тодорхой ойлголт.

Гудамжийг цэвэрлэх ажил нь гагцхүү Тохижилт үйлчилгээний компаний ажил биш болоод давхар ажилчдын хийх ёстой зүйлийн нэг боллоо. Гуталтай бүү хэл машинтай хүмүүс хүртэл гулгаж очоод л мөргөлдөж харагдах юм.
Цасаа цэвэрлэчихээд цэмбийсэн, намбайсан алхаандаа эргэн орж пингвин, хятад гишгэдэлээсээ салахыг хүсэгчид олон. Гэхдээ тэд юу хүсч байна гэвэл цасаа цэвэрлээсэй гэхийн оронд өвөл хурдан дуусаасай гэж хашгичих аж. Идэр есийн хүйтэн ид эхэлж байхад өвөл дуусаасай гэж мөрөөдөж суугаа хүмүүс сар шинэ өнгөртөл хэд хальтирч, хэд босох бол? Монгол алхаа мартагдах цагаар манай улсын түүхэнд субботник гэж нэрлэгдсэн нийтийн их цэвэрлэгээнд марш хийдэг бол ямар вэ? Өнөө улсаас төсөвлөсөн үмх давснаас л лав үр дүнтэй байх биз.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)