Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүд тодорлоо

БОНХЯ жил бүр “ Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 5 дугаар заалт, Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “ Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж , байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу байгальд халгүй дэвшилтэт технологиор бүтээгдсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. БОНХ-ийн Сайдын А-95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 9 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, Агаарын чанарын албанаас тодорхойлсон 15 аж ахуйн нэгж, 5 иргэний материалд үнэлгээ өгчээ. 2012 оны “ Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж”-ээр “Ирвэс-Интертрейд” ХХК, “Хануй-гол” ХХК шалгарч өргөмжлөл, тус бүр 1000000 төгрөгөөр шагнууллаа. Харин Хөвсгөл аймгийн иргэн Ж.Сайнбаяр, Баянхонгор аймгийн иргэн С.Дэмбэрэл нар өргөмжлөл, тус бүр 500 000 төгрөгөөр шагнуулж, “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн” боллоо. Уралдаанд ирүүлсэн материалуудыг шалгаруулахдаа чанар, аюулгүй байдлын талаархи үндэсний болон олон улсын чанарын стандартыг хангасан эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээний дамжлага бүрт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа болон байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэдэг байна гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.
й