

1944 онд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй тухайн үеийн Монголын удирдлагууд ОХУ-аас шилжүүлсэн мөнгөөр 11 тэрбум ам.долларын зээл авсныг 2012 онд л бүр мөсөн тэглэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү их өрийг манай улс бараг л 70 жил цувуулан төлж байж арай гэж ард нь гарчээ. Гэхдээ энэхүү мөнгийг бас чиг гэж хэрэгтэй зүйлд зарцуулсан гэж ам сайтай байдаг. Учир нь энэ их өрийн зээлээр Улаанбаатар, Эрдэнэт, дарханаас эхлээд олон арван үйлдвэрийн газрууд, улс орны өнгө төрхийг илтгэх дэд бүтцийн томоохон байгууламжуудыг барьж байгуулсан. Засаг захиргааны шинэ нэгжээс эхлээд эрүүл мэнд, шинжлэх ухааны томоохон байгууллагуудыг байгуулсан гээд дурдвал асар урт жагсаалт гарна. Хамгийн гол нь манай улс энэ их өрийг бүр мөсөн тэглэснээр дэлхий дахины өмнө өр төлбөргүй, ямар нэгэн барьцаанд оролгүй ижил тэгш харьцах боломжоор дүүрэн болсон.
Харин энэ жил Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 1.5 тэрбум ам долларын бондыг гаргаж ихээхэн шоу хийлээ. Өрийн бичигээ бонд гэсэн сайхан гадаад нэрээр халхалж ард түмнээ хуурав. Бас энэ мөнгөө босгохдоо ерөнхийлөгч болоод сөрөг хүчнийхэнтэйгээн зөвшилцөөгүй гэсэн мэдээлэл ч түгж байна. Хамгийн гол нь энэхүү дуулиант 1.5 тэрбум ам.долларыг хүүгийн хамт 10 жилийн дараа гэхэд үг дуугүй төлнө. Хүүнд нь л гэхэд 600 сая ам.доллар төлнө. Өөрөөр хэлбэл нийт мөнгөнийхөө гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хүүг төлнө гээд бодохоор ямархуу муу шийдвэр гаргасан нь харагдаж эхэлнэ. Ингээд Н.Алтанхуяг монголын ард түмнийг 2.1 тэрбум ам долларын өрөнд оруулчихсан гэсэн үг. Энэ мөнгөөрөө юу ч хийгээгүй хадгалсаныхаа төлөө өдөр бүр 120-130 мянган ам.долларыг манай улс төлдөг боллоо. Уг мөнгийг 2.7 сая иргэндээ хувааж үзвэл нэг хүн өдөр бүр 70 орчим төгрөг төлөх тооцоо гарна. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газрыг иргэн бүрээ өдөр болгон 70 төгрөгийн өрөнд орууллаа гэж ойлгож болно. Дээр нь бондын үндсэн мөнгө болох 1.5 тэрбум ам.долларыг 2.7 сая иргэнд хувааж үзвэл хүн бүхэн 800.000 орчим төгрөгийн өртэй боллоо гэсэн үг.
Ийнхүү Энэ жилээс эхлээд Монгол хүн бүр дахин өртэй боллоо. Хамгийн сонирхолтой нь Шинэчлэлийн Засгийн газар бонд гаргаж олсон 1.5 тэрбум төгрөгөө төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт зориулна гэж мэдэгдэж байгаа. Гэтэл олон жилийн турш яригдсан энэхүү төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг одоо болтол хийгээгүй байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Томоохон төсөл учир ТЭЗҮ-ийг хэдхэн сарын дотор хийчихгүй. Бас төслийг боловсруулах багийг сонгон шалгаруулахад багагүй хугацаа хэрэгтэй. Бүх мөрөөдлийн жагсаалт, бодит үндэслэл бэлэн боллоо гэхэд ажиллах хүчин гэсэн дараагийн асуудал босно. Мэдээж Монголчууд өөрсдөө төсөр зам бариад, үйлдвэрийн цогцолборуудыг байгуулчихгүй. Энэ бүхэн цэгцэрч ажил эхэлтэл бид хүүний мөнгийг төлсөөр л байх болно. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар ямар ч тооцоолол хийлгүй яаран сандран бонд гаргаж ард түмнийг өрөнд оруулж байгаа нь харагдана.
Гэвч эрх баригчид маань бонд гаргасан нь гайхалтай үйл явдал боллоо, бид мөнгө босгож чадлаа, дэлхий дахин бидэнд итгэж байна гэх мэт үлгэрийн сурталчилгаагаа урсгаж эхэлсэн. Тэгвэл бондыг ямар нөхцөлд гаргадаг вэ гэдэг талаар мэргэжлийн хүмүүс ч гэсэн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тэдний тайлбараар бол Шинэчлэлийн Засгийн газрыг, Монголыг гайхамшигтай ирээдүйтэй болохоор нь мөнгө өгсөн хэрэг биш аж. Дэлхийн эдийн засаг хямарч эхлээд байгаа учир гадныхан мөнгөө найдвартай газар хадгалуулж, ихээхэн хэмжээний хүү төлүүлж, улс орноор нь барьцаалуулан өгч байгаа гэнэ. Ард түмнээр нь барьцаалуулж шүү!!! Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээрээ барьцаалж авсан зээлээрээ шоудаж байхад өдөр бүр төлөх хүүнийх нь мөнгө нэмэгдсээр байна. Зөвхөн өнөөдөр л гэхэд манай улс 130.000 орчим ам.долларын хүү төлнө. Маргааш ч, нөгөөдөр ч, 10 жилийн дараа ч төлсөөр л байна даа.
С.Баярхүү
Сэтгэгдэл (29)