
УИХ-ын гишүүн Д.Арвины мэдэгдэж байгаагаар бол Н.Энхбаяр баригдаад явах сүүлийн мөч хүртлээ тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхий сайд С.Батболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хуучин намынхаа нөхөд рүү аврал эрэн утсаа улайстал залгаж байжээ. Харин тэдний хэн нь ч утсаа аваагүй гэдэг. Тэр ч бүү хэл Монгол даяараа харсан алдарт баривчилгааг ганцхан Ц.Нямдорж ˝Би мэдээгүй, Тийм баривчилгаа болсон юм уу, Унтаж байсан˝ хэмээх алдарт үгээрээ тавласан юм.
Энэ үйл явдлын дараа Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат тэргүүтэй улс төрчид Н.Энхбаярыг тойрон хүрээлж, нөхөрлөлдөө үнэнч үлдэж ард түмэнд хүн чанар сайтайгаараа үнэлэгдсэн юм. Тийм ч учраас эдгээр эрхэмүүд Н.Энхбаярын нэрээр дахин сонгогдож дөрвөн жил зөөлөн суудалд тухлахаар болсон. Харин одооноос өнөөх хүн чанар сайтай эрхэмүүдийн зэс цухуйж эхэлжээ.
Н.Энхбаярыг хэдхэн хоногийн өмнө эмнэлэгээс хорих руу шилжүүлэх, тэрнээс өмнөх Засгаас гарна гэсэн ээлжит айлгалтынхаа дараа тэд Н.Энхбаярын гэр бүлээс зай барихаар тохиролцсон гэж эх сурвалж мэдээллээ. Үүний нотолгоо болж өчигдөр Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос Ч.Улаан сайд өдөржин зугтаж муур хулгана болжээ. Уг нь Н.Энхбаярыг шоронгоос гаргахын тулд нам нь ямар улс төр хийх талаар ярилцахаар Ч.Улаан сайд руу утас цохитол авахгүй байжээ. Ер нь сүүлийн үед Ч.Улаан экс тэргүүн хатагтайн утсыг авахаа байжээ. Тиймээс О.Цолмон хатагтай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбогдож байгаад Ч.Улааныг ордонд байхад нь хүрээд иржээ. Ч.Улаан сайд ч О.Цолмонг ордонд орж ирснийг мэдээд өөр хаалгаар гарч зугтжээ. Тэгэхдээ бүүр Улаанбаатараас гараад утсаа салган алга болсон байна. Шадар сайд Д.Тэрбишдагва ч гэсэн сүүлийн үед энхрий хайртай даргынхаа үгийг ёсчлон биелүүлэхээ байж том толгойлох болжээ.
Энэ бүхний цаана улс төрийн ихээхэн том нүүдэл болж байгааг улс ажиглагчид дүгнэж байна. Хэрэв МАХН-ынхан засгаас гарвал Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохоор байгаа. Огцоруулахгүй байх бүх аргыг АН-ынхан хийж эхэлсэн. Харин огцоруулах аргыг хоёр субьеkт онцгойлон хайж байгаа. Нэг нь Н.Энхбаяр. Нөгөө нь МАН. Уг нь энэ хоёр эртнээс хөндийрөлгүй нягт хамтран ажиллаж чадсан бол байдал өөрөөр эргэж болох байлаа. Харин одоо тэр бүх боломж салхинд хийсэн одож АН шатрын нүүдэл дээр бэрс гаргаж байх шиг байна. Тэгээд ч Н.Энхбаяр шоронгоос юу хийж чадах вэ. Түүний сүүлчийн найдвар болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг АН-ыхан дуугай байлгаж дөнгөх аргыг олсон гэж эх сурвалж тайлбарлав. Засгаас гарна гэж айлгадаг байсан энэ хоёр эрхэм одоо харин Засгаас гаргачих вий гэсэн мөнхийн айдаст автдаг болжээ. Учир нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын ихээхэн “но”-г АН-ынхан гартаа оруулж чаджээ. Тэдгээр асуудлаар нь АН-ынхан энэ хоёр эрхэмийг айлгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр чимээгүй байж зөөлөн суудалдаа дөрвөн жил үлдэх үү, эсвэл Н.Энхбаяр даргыгаа өмөөрч гүйж байгаад араас нь “аавынд” очих уу гэдэг сонголтын өмнө ирсэн бололтой. Харин тэд нэгдэх арга замыг сонгож АН-ынханд дөрлөгджээ. Тэднийг ингэж чимээгүй болгох аргыг УИХ-ын дарга З.Энхболд, ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжин хоёр л санаачилсан гэж эх сурвалж өгүүлэв. Ийнхүү Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр Н.Энхбаярын гэр бүлээс илүү АН-ынхнаас айх хэрэгтэй болж байгаа бололтой. Тэгээд л О.Цолмон хатагтайгаас нүүр буруулж эхэлсэн байна.
Ийнхүү Н.Энхбаярт одоо ганцхан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү хоёр л үнэнч үлдэж байгаа бололтой. Энэхүү томоохон үйл явдлын дараа АН-ын Засгийн газар амь бөхтэй орших нь тодорхой болов. Тэд МАН-ын Д.Арвин, удахгүй тангарагаа өргөх Ц.Оюунбаатар нараар бүл нэмэхийн зэрэгцээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтнийг ч гэсэн сайн уяж авчээ. Ингэснээр Засгийн газар удаан оршин тогтнож, Н.Энхбаяр ялаа эдэлж, МАН-ынхан яаж ч чадахгүй дөрвөн жилийг өнгөрөөх сценари бэлэн боллоо. Харин Н.Энхбаяр шоронгоос ялаа дуусгаад гарч ирсэний дараа л улс төрийн тоглолт сонирхолтой болж мэдэх юм.
Б.Золжаргал
Сэтгэгдэл (67)