
Өглөө хичээлдээ яарч явахдаа, шалгалтын өмнө нойр хүрэх үедээ эсвэл удаан ажилласны дараа эрч хүч авахын тулд энерги ундаа сонгох хүн олон болжээ. Өнгө өнгийн савлагаа, сонирхол татахуйц сурталчилгаа, “эрч хүч өгнө” гэсэн ойлголт нь ялангуяа өсвөр үе, залуусын дунд энерги ундааг түгээмэл хэрэглээ болгож байна. Гэвч түр зуурын сэргэлтийн цаана бидний анзаарахгүй өнгөрөөдөг эрсдэл бий юу?
2023 онд дэлхийн 1.12 сая гаруй хүнийг хамарсан 192 судалгааг нэгтгэсэн мета-анализын дүнгээр хүмүүсийн 54.7% нь энерги ундааг амьдралдаа дор хаяж нэг удаа, 32.3% нь сүүлийн 30 хоногт, 21.6% нь сүүлийн 7 хоногт, харин 8.82% нь өдөр бүр хэрэглэж байсан байна. Энэ нь энерги ундааны хэрэглээ зөвхөн цөөн хэдэн хүний зуршил биш, олон орны залуучуудын дунд түгээмэл үзэгдэл болсныг харуулж байна.
Энерги ундаанд агуулагддаг кофеин нь сэрэмж, анхаарлыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой ч нойрны хэв маягт нөлөөлж болно. Хүүхэд, өсвөр үеийнхний талаарх 2024 оны системчилсэн тоймд энерги ундааны хэрэглээ нь нойрны хугацаа богиносох, нойрны чанар муудах зэрэг үзүүлэлттэй холбоотой байсныг олон судалгаа мэдээлсэн байна.

Судалгааны тоон үзүүлэлтүүд хэрэглээ өргөн хүрээнд тархсаныг харуулж байгаа ч хэрэглэгч бүрийн бие махбодод үзүүлэх нөлөө адилгүй.
Тиймээс асуудлыг “энерги ундаа сайн уу, муу юу?” гэж туйлшруулахын оронд яагаад залуус үүнийг тогтмол хэрэглэх болсон, хэрэглээнд ямар хүчин зүйл нөлөөлж байна, эрүүл мэндийн бодит эрсдэл нь хэр зэрэг вэ? гэдгийг цаашид анхаарах шаардлагатай. Түр зуурын эрч хүчний хэрэглээ энгийн зуршил мэт харагдавч түүний цаадах шалтгаан, үр дагаврыг судлах нь илүү чухал.





















































