
Америкийн супермодел Синди Кроуфорд болон бизнесмен Рэнди Гербер нарын хүү, модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсан тухай мэдээллийг гэр бүлийн төлөөлөгч баталсан бөгөөд Лос-Анжелес хотын тойргийн шүүх эмнэлгийн бүртгэлд түүнийг ням гарагт буюу есдүгээр сарын 20-нд нөхөн сэргээх эмчилгээний төвд нас барсан гэж тэмдэглэсэн байна. Одоогоор нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна.
Гэр бүлийн төлөөлөгчийн мэдээлснээр, ар гэрийнхэн нь энэ хүнд хэцүү цаг үед хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсжээ.
Пресли Гербер ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч, загварын салбарт ажиллаж байв. Тэрээр 16 настайдаа Италийн "Moschino" брэндийн загварын шоунд оролцож, улмаар Burberry, Dolce & Gabbana, Calvin Klein зэрэг олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллажээ.
Тэрээр мөн эгч Кайя Герберийн хамт загварын салбарт танигдсан бөгөөд ээжтэйгээ хамт 2018 оны Super Bowl тэмцээний үеэр цацагдсан Pepsi-ийн сурталчилгаанд оролцож байв. Пресли Гербер сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэнд болон мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой бэрхшээлүүдийнхээ талаар олон нийтэд нээлттэй ярьж байсан юм.
Тэрээр 2025 онд “Mental Health Mondays” нэртэй сошиал цувралаа эхлүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар илэн далангүй ярилцахыг уриалж байжээ.
Түүний эгч, модел, жүжигчин Кайя Гербер өмнө нь ахынхаа туулсан бэрхшээл гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн талаар ярьж байсан байна.
Пресли Герберийн нас барсан шалтгааныг одоогоор мэдээлээгүй бөгөөд гэр бүлийнхэн нь хувийн орон зайгаа хүндэтгэхийг хүссэн байна.
























































