Монгол Улс болон АНУ-ын хоорондын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, гамшгийн үеийн харилцан ажиллагааг бодит нөхцөлд турших зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин Сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагыг энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус дадлага, сургуулийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий нийтийн бодлого, стратегийн чиг хандлага, сайн туршлага, ололт амжилтаас суралцаж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах дадлага сургууль нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд улс орон, бүсийн түвшинд гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох бүх шатны чадварыг сайжруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны үндэс болно. Энэ удаагийн сургалт, дадлага сургууль нь бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг болон орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах нэгдсэн зохион байгуулалт, штабын дадлагаар цахим өгөгдлүүдийг ашиглах зэргээр технологид суурилан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм” гэлээ.
АНУ-ын Аляскын үндэсний гвард, хурандаа Жон Бостон “Бидний зорилго бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Дэлхийн дахинд цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бидний хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч өөрчлөлт орж байна. Харилцан бие биенээсээ суралцаж, хамтдаа бэлтгэгдэж, ур чадвараа дээшлүүлэх зорилтоо биелүүлэхээр бид энд цуглаад байна” хэмээн хэллээ.
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга: Энэхүү хамтарсан дадлага сургууль нь орон нутгийн мэргэжлийн анги, байгууллага болон төрийн байгууллагууд гамшгийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, бэлэн байдлаа хангах чадавх мэдлэгийг дээшлүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, холбоог сайжруулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын хувьд энэхүү хамтарсан сургалт, дадлагыг дэмжиж, орон нутгийн иргэд, байгууллагын аюулгүй байдал, орон нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээнд чиглэсэн зөвлөмж, санал, дүгнэлтийг цаашдын бодлого шийдвэртээ тусган ажиллах болно” гэлээ.
Сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн нийт 200 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлага нь бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг болон орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах танхимын болон тактикийн үзүүлэх сургууль гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлнэ.

Мөн Монгол, АНУ-ын аврагч нар хамтран гал түймэр, хот дотор эрэн хайх, өндрөөс аврах, эмнэлгийн тусламж, химинй ослын ажиллагаа, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага сургуулийг хийж, харилцан туршлага солилцох юм.

















































