
Америкийн реппер Маклмор, Их Британийн дуучин Эд Ширан болон “New England Patriots” багийн эзэн Роберт Крафт нар Палестины хүмүүнлэгийн тусламжид зориулан олон сая ам.долларын хандив өгөхөөр болжээ. Маклмор есдүгээр сарын 16-нд Эд Шираны 2026 оны аялан тоглолтын үеэр олсон цэвэр орлогоосоо 1 сая ам.долларыг Палестины ард иргэдэд туслах зургаан байгууллагад хандивлахаа мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Крафтыг ижил хэмжээний хандив өгөхийг уриалжээ.
Маклмор өмнө нь Шираны “Loop Tour”-ын АНУ дахь тоглолтуудад нээлтийн уран бүтээлчээр оролцож байсан ч Палестины асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа аялан тоглолтоос хасагдсан юм. Үүний дараа тэрбээр Ширантай холбоотой асуудлыг хандивын үйлсээр үргэлжлүүлэн анхаарал татаж байна.
Харин Крафт Маклморын уриалгыг хүлээн авч, өөрөө 2 сая ам.доллар, Эд Ширан мөн 2 сая ам.доллар хандивлахаар болсныг мэдээлжээ. Ингэснээр Крафт болон Шираны зүгээс нийт 4 сая ам.долларын хандив өгөхөөр болсон байна.
Хандивын хөрөнгийг Палестины хүүхдүүдэд туслах сан, Heal Palestine, Gaza Soup Kitchen, Medical Aid for Palestinians, UNRWA болон Anera зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан тусламжийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ.
Крафтын мэдээлснээр Ширан түүнтэй утсаар холбогдож, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн иргэдэд туслахын тулд хамтран ажиллахыг хүссэн байна. Ширан өмнө нь Маклморыг аялан тоглолтоос хасах шийдвэрийг өөрөө гаргаагүй бөгөөд уг шийдвэр нь тоглолтын зохион байгуулагчид болон талбайтай холбоотой асуудал байсан гэж тайлбарлаж байжээ.
Л.Баяр




















































