
Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг байсан алдарт “Улаан бал” нэвтрүүлэг тун удахгүй эргэн дэлгэцнээ гарах гэж байна. Энэ талаар NTV телевиз өнөөдөр өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан нийтэд зарлав. Харин шинэ дугаарыг хэзээнээс цацах болон нэвтрүүлгийг хэн хөтлөх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
“Улаан бал” нь анх сэтгүүлч, одоогийн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилгаар эхэлж, улс төр, нийгмийн цаг үеийн асуудлыг ярилцлага, дүн шинжилгээний хийцтэй хүргэдэг контент болж олны танил болсон. Ч.Лодойсамбуу өөрөө нэвтрүүлгээ хөтөлж байсан бөгөөд түүний ярилцлага, хурц асуултууд зочдын уур, уцаарыг ч төрүүлэх нь цөөнгүй байсан.
Тухайн үед “Улаан бал” нь ярилцлагын төрлийн нэвтрүүлгүүдээс хамгийн олон үзэлттэй контент байсан юм.
Мөн Ч.Лодойсамбуу өмнөх ярилцлагадаа “Улаан бал”-ын хэлбэр, хийц, нэр, логог оюуны өмчид бүртгүүлсэн бөгөөд NTV телевиз нэвтрүүлгийн оюуны өмчийн 50 хувийг эзэмшдэг талаар мэдээлж байсан.
Ийнхүү хэсэг хугацаанд завсарласан “Улаан бал” эргэн ирэх гэж буй нь үзэгчдийн анхаарлыг татаж байна. Ялангуяа энэ удаад нэвтрүүлгийг хэн хөтлөх нь хамгийн их хүлээлт дагуулж буй асуултын нэг болоод байна. Ямартай ч "Улаан бал" эргэн ирэх нь ээ!
Л.Баяр

























































