Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хээл хахуулийн хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан буюу цагаан захтнуудын хэргийг хуулийнхан шалгасаар байгаа. Өмнө өршөөлийн хуулиар чөлөөлөгдөх, хэргийг хэрэгсэхгүй болгох гэм мэтээр хэрэг нь замхардаг байсан бол сүүлийн үед шалгагдаж байгаа хэргүүд гэм буруутай нь нотлогдож, шүүхээс ял сонсдог болж байна. Энэ хууль цагаан захтнуудад үйлчилдэг болсныг харуулж байгаа юм. Ингээд шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг ямар шатандаа явааг сонирхуулж байна.
Д.Батхуягийн шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилнэ
Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжилнэ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 268.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм.
Учир нь Д.Батхуягийн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын тогтоогдсон. Мөн тус компанийн лицензийг нь компаниас өөрөө авч, хэлстийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж. 2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй орд байжээ.
Эрүүгийн хуулийн 263.2-т төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 268.2-т хээл хахуул авах, энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Засаг дарга асан Ц.Болдыг өнөөдөр шүүнэ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2, 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм.Учир нь Ц.Болдыг Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн захирагчийн албаны орчны бохирдол хог хаягдалтын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай урьдчилан тохиролцож бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа.
Мөн Улаанбаатар хотын өвлийн улиралд цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж завшиж үрэгдүүлсэн байна. Тэдний үйлдлийн улмаас төрийн байгууллага, төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учирсан аж. Мөн 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлжээ.
Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Дэд сайд О.Чулуунбатын хэргийг түтгэлзүүлжээ
Сонгуулийн дараахан хэргийг нь сэргээн шалгасан Монголбанкны ерөнхийлөгч асан, Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын хэргийг өнгөрсөн аравдугаар сард АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Түүнийг “Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” хэмээн шалгаж байсан ч гишүүнийх нь бүрэн эрхийг УИХ-аас түтгэлзүүлээгүй учир хэргийг Нийслэлийн прокурорын газраас түр түтгэлзүүлээд байсан. Харин сонгууль дууссаны дараа түүний хэргийг сэргээн шалгаж эхэлсэн билээ. Харин АТГ-аас уг хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Гэвч Нийслэлийн прокурорын газраас хэргийг түтгэлзүүлсэн байна.
О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж, 11 тэрбум, Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байсан юм.
Хэдийгээр АНУ-ын иргэн Жорж Чалмерсийг хууль хяналтын байгууллагынхан шалгасан ч Монголбанкны ерөнхийлөгчийг залилсан гэх үндэслэлээр хэргийг нь тусгаарласан. Гэвч Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан нь билээ. О.Чулуунбатыг 2006 онд Жорж Чалмерстай “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сая аккредитив нээх гэрээ байгуулсан гэдэг. Гэвч Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагүй аж.
Тиймээс О.Чулуунбатад Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
МИАТ-ынхан долоон сая гаруй ам.долларын хохирол учруулсан нь тогтоогджээ
МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан цагдан хориод байгаа билээ. Тэднийг МИАТ-аар дамжуулж ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэмээн сэжиглэгдэж буй саатуулсан билээ. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Учир нь мөрдөн байцаалтын явцад долоон сая гаруй ам.долларын хохирол учруулсан нь нотлогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Гэвч Улсын ерөнхий прокурорын мэдэгдсэнээр тэдний учруулсан хохирол арван тэмбумаар зогсохгүй, мөн уг хэрэгт хуулийнхан холбоотой байх магадлалтай хэмээн үзсэн билээ.
Д.Сугарын бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүйгээр шалгаж байна
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “МИАТ” компанид мөнгө угаасан хэрэгт нэр холбогдоод байгаа. Учир нь түүнийг Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан Ч.Хоролсүрэн нарын “цагаан захтнууд”-тай холбоотой, “МИАТ” ТӨХК-ийг хувьчилж авахын тулд байгуулсан “Монголиан эйрлайнес” компанийн тодорхой хувийг эзэмшдэг гэж байгаа. Түүнчлэн Д.Сугар 2006-2012 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Д.Сугар өөрийгөө уг хэрэгт ямар ч холбогдолгүй, мөнгө угаасан талаар сонсоод их цочирдсон гэж мэдэгдсэн. Өөрийнх нь томилсон хүмүүс ийм ноцтой хэрэг үйлдсэнийг өдий хүртэл мэдэхгүй явсан нь үнэхээр хачирхалтай. Ямартай ч уг хэрэг явдал ид өрнөж байх үед ТӨХ-г толгойлж байсан учраас цагдаагийн байгууллагаас түүнийг байцаах шаардлагатай байгаа аж.
Гэвч Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн халдашгүй бүрэн эрхтэй хэмээн хэвлэлээр цацагдсан. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Нэргүйгээс тодруулахад “Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тохиолдолд энэ дагуу шүүхийн шийдвэр гарах ёстой. Бүрэн эрхийг нь түтгэлзүүлэлгүйгээр цагдаа, хууль хяналтын байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаад шалгаж болно” гэв.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас уг хэрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байгаа. Гэхдээ цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэлээ.
Дэд сайд Э.Эрдэнэжамьяангийн хэргийг прокурор хянана
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцогдоод байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян АТГ-т шалгагдаж байгаа. Хэргийн талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа. Удахгүй Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлнэ” гэлээ. Э.Эрдэнэжамьяан гурван шатны шүүхээс хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээсэн нь түүнийг “барьж” өгсөн билээ.
Тухайн үед түүнийг захидал явуулсаны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлт тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъяангийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн АТГ-аас шалгаж байгаа юм.
Харин саяхнаас Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосноо мэдэгдсэн билээ.
Б.Золбоо




















































Сэтгэгдэл (10)