Өчигдөр 11 цагаас Хангарьд ордонд НИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралд НИТХ дахь МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, МАН-ын бүлгийн дарга Г.Амарбаясгалан тэргүүтэй холбогдх хүмүүс оролцов. Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” асуудлыг танилцууллаа. -Улаанбатар хот 184.2 мянган өрхтэй. Эдгээр өрхөд нийтдээ 736 мянган иргэн амьдарч байна. Гэр хороолол нь 1998 оноос хойш эрчимтэй өссөн бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд 108 мянган өрхөөр хаяагаа тэлжээ. Гэр хорооллын хөрсний бохирдол тоосжилт байх ёстой хэм хэмжээнээс хэт ихэссэн бөгөөд агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын утаа бүрдүүлж байгаа. Энэ байдлыг өөрчилж, гэр хорооллыг тохилог амины орон сууц болгохын тулд Нийслэлийн засаг даргаас мөрийн хөтөлбөр боловсруулж 2013 онд багтаж гэр хорооллын 12 бүсийг тохижуулахаар төлөвлөж ажилдаа ороод байна. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэр хорооллын иргэдтэй уулзахад 100 хувийн саналаар дэмжсэн. Бид иргэдийг байгаа газраас орон сууцанд нүүлгэн шилжүүлж, газрыг нь цэвэр бохир болон дулааны шугамд холбох ажлыг хийж, тус газрыг орон сууцжуулж, ажлын байр барих тоглоомын талбай, зүлэгжүүлэх ажлыг хийж шинэхэн жишиг цогцолборыг 2 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэ онд багтааж эхний ээлжинд
1. СХД-ийн 6, 5 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Ханын материал” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 130 га газрыг
2. СХД-ийн 10-р хороо, арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 2,3 га газрыг
3. ЧД-ийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72-р сургууль орчмын 15 га газрыг
4. СБД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх Дамбадаржаа орчмын 122 га газрыг
5. БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 230 га газрыг
6. БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн их сургуулийн орчмын 11.4 га газрыг
7. ЧД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Үндэсний олон нийтийн радио телевизийн орчмын 11,4 га газруудын өрхүүдийг орон сууцанд нүүлгэн шилжүүлж тус газрыг нь инженерийн шугам сүлжээнд холбож орчин үеийн тохилог цогцолбор болгоно гэсэн мэдээллийг хийлээ.



















































