
Бямба, ням гаригуудад өглөөний 10-20 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байгаа. Захирамж ёсоор энэхүү түр зохицуулалт ирэх сарын 2, 3-нд үйлчлээд зогсох учиртай. Иргэдийн дунд энэхүү түр зохицуулалтыг үргэлжлүүлэн тогтмол дагаж мөрдүүлдэг болох нь гэсэн ташаа мэдээллийг тараах боллоо. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Шонхор” телевизэд өгсөн ярилцлагадаа “Амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна . Энэ нь Цагаан сарын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд хэрэгжүүлэх түр зохицуулалт юм” гэж байр сууриа ойлгомжтой илэрхийлсэн. Тиймээс амралтын хоёр өдрийн хязгаарлалт энэ долоо хоногоос цааш үргэлжлэхгүй гэдгийг нийслэлийн иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (1)