
Ерөнхий шүүгч Ц.Зориг “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2 жилийн төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Тэр тусмаа Монголын шүүхэд урьд нь төсөл хэрэгжүүлж байсан дадлага туршлагатай ноён Карлос энэ төслийг хэрэгжүүлж байгаа учраас үр дүнд нь итгэлтэй байна. Монгол улсад шүүхийн шинэчлэл, мөн нийгэм эдийн засгийн байдал зэргийг харгалзан шүүгчдийн худалдааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага зайлшгүй урган гарч ирж байгаа. Зөвхөн иргэн, захиргааны хэрэг биш худалдаа, бизнесийн нэрийн дор мөнгө угаах үйл ажиллагаа явагдах шинж ч ажиглагдаж байна. Тэгэхээр энэ төсөл их өргөн хүрээтэй юм. Монголын шүүх шинэ тогтолцоонд шилжиж буйтай холбогдон хөгжингүй улс орнуудын шүүхийн туршлагаас судлах шаардлага тавигдаж, энэ чиглэлд илүү анхаарал хандуулъя гэж бодож байгаа.” хэмээв.
Ноён Карлос Эскудеро төслийн ажил амжилттай явагдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд шүүгч нарын сургалтын хугацаа болон бусад асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Дашрамд дурдахад Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шүүгч-багш бэлтгэх анхны сургалтууд энэ долоо хоногт явагдаж байгаа юм.