Сирийн Алеппо хотын ойролцоох Quweiq голоос өчигдөр буудуулж нас барсан 65 хүний цогцос олджээ. Орон нутгийн иргэд болон тэмцэгчид эдгээр нь 20 гаруй настай залуучуудын цогцос байсан бөгөөд бүгд толгой эсвэл хүзүүний хэсэгтээ буудуулсан байсан аж. "Аль Жазера" телевизэд Сирийн чөлөөт армийн байлдагчийн хэлснээр усанд хөвж яваа амиа алдагсдын тоо 65-аар тогтохгүй, 100-гаас ч илүү байгаа гэж ярьсан байна. Тэмцэгчид энэ хэрэгт Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг буруутай гэж үзэж байгаа ч тус улсын Засгийн газар үүнийг үл зөвшөөрөн алан хядагчдын хийсэн хэрэг хэмээн мэдэгджээ. Сирийн Засгийн газрыг ард иргэд нь эсэргүүцэн боссон 2011 оны гуравдугаар сараас хойш одоогоор 60 мянга гаруй хүн дайны хөлд үрэгдээд байна гэсэн тооцоог НҮБ-ын төлөөлөгч гаргасан байна. АНУ-ын зүгээс Сирийн Засгийн газрыг иргэдийнхээ амь насыг хохироохгүй байж, дайны галыг зогсоохыг хүсч хориг арга хэмжээ авч байгаа. Харин үүнийг нь ОХУ эсэргүүцэж байгаа юм.



















































