Чингис хааны удам залгах хунтайж гэж өөрийгөө зарладаг Чингис Хааны Дэлхийн академийн тэргүүн П.Давааням ШӨХТГ-ын дарга О.Магнайтай "дайн" зарлахаар шийджээ. О.Магнай Чингис, Өгөөдэй зэрэг нэрийг архи, тамхины хайрцаг дээр замбараагүй ашиглахыг зогсоож, энэ нэрийг төрийн өмчид авах санал гаргасан. Тэгвэл энэ нь эрхэм хунтайжийн нэр төрд халдаж, хэргэм зэргийг нь үгүйсгэсэн үйл явдал болж байгаа аж. Учир нь П.Даваанямын хэлж байгаагаар Чингис хааны бүх өв хөрөнгө, нэр нь хүртэл энэ хүнд хамаарах ёстой гэнэ. Түүнд уламжлагдаж ирсэн дэлхий дээр байгаа өвийг 2006 онд “Forbes” сэтгүүлээс үнэлсэн бөгөөд тэдгээр нь нийт 728,1 тэрбум доллар болж байгаа аж. Үүнд Чингис хааны нэрээс гадна Чингис хааны философи, сургааль номлол хүртэл багтдаг гэнэ. П.Даваанямыг Чингис хааны алтан ургийн хүн гэдгийг ЮНЕСКО-гоос баталсан гэх бөгөөд тэрбээр өдгөө 30 жил хунтайжийн хэргэмээ нэр төртэй авч яваа аж. Гэтэл “гай газар доороос О.Магнай ШӨХТГ-аас” гэж Засгийн газар түүний өмчид байдаг хааны нэрийг эзэмших болж байгааг тэрбээр эсэргүүцжээ. Зүгээр ч нэг эсэргүүцсэнгүй Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандаж байна. Тэрбээр “Хэрэв энэ нэрийг эзэмших гэж байгаа бол эхлээд надаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Би архи, тамхинд Чингис хааны нэрийг ашиглаж байгаа замбараагүй байдлыг зогсоох хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Гэхдээ ийм гедонист сэтгэлгээтэй хууль баталвал коммунизмын үеийнх шиг гүтгэн устгалыг бас нэг талаар давтах юм. Тиймээс энэ төслийг дэмжихгүй байхыг ХУНТАЙЖын цолоор баталгаажуулан уриалж байна” гэсэн байх юм. Энэ нэрийг төр мэдэлдээ авах нь дараах эрсдэлтэй гэнэ. Нэгд, хэн нэгэн өөрийн эрх ашигт нийцүүлэн хэрэглэж болно, хоёрт, Монгол улс өв соёлоо утсгаж байгаа орны тоонд орно, гуравт, монголчуудын нэр хүнд дэлхийн тавцанд унах гэнэ. Харин чухам яах ёстойг түүнээс асуухад П.Давааням Засгийн газар түүнтэй хамтарч ажиллах ёстой бөгөөд төрт ёсыг тэр чигээр нь өөрчилж Royal and Imperial House og Chinges Khaan гэх түүний бүтээсэн системийг нэвтрүүлэх гэнэ. Үүнд Чингис хааны нэрийг хэрхэн ашиглаж, эзэмших тухай тов тодорхой заасан байдаг. Гэхдээ тэрбээр тухайлбал архи, тамхины нэрд хэрэглэх эсэхийг яг яаж зохицуулсан байдаг талаар одоохондоо хэлэхийг хүсэхгүй байгаа юм.
Түүнээс "Таны саналыг Засгийн газар хүлээж авбал та яах вэ?" гэж асуухад "Ерөнхий сайд намайг хамтарч ажиллая, зөвлөөч гэвэл би татгалзахгүй. Ер нь би зөвлөх л хүсэлтэй байна" гэв.
Дашрамд дурдахад түүний Засгийн газарт санал болгоод байгаа Royal and Imperial House of Chinges Khaan системийг сурахад 45 хоногийн 1 сая 800 мянган төгрөгийн үнэтэй сургалтанд суух ёстой гэнэ. Энэ хичээлийг тэрбээр Чингис Хааны Дэлхийн Академийнхаа дэргэд заадаг байсан ч 1990 оны сүүлээр төрийн бус байгууллага сургуультай байж болохгүй гээд хаасан аж. Үүнд нь ч бага зэрэг гомдож явдаг байна. Гэхдээ П.Даваанямын 2 сая орчим төгрөгийн үнэтэй сургалтанд олон хүн явдаг бололтой юм билээ.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (66)