
Өдгөө энэ барьж байсан үйлдвэр нь балгас болжээ. 2009 онд лаг өтгөрүүлэх, усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад оруулж цэвэрлэх байгууламжаас гарах лагийн хэмжээ 5-7 дахин буурсан ч лаг гүйцэд боловсруулах технологи байхгүйгээс орчны бохирдол хэвээрээ аж. Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, лаг цэвэрлэх төхөөрөмжүүдийн цахилгааны зарцуулалт сардаа 160-170 сая төгрөг. Хэрэв лагаа исгээд метаны хий гаргаад гаргасан хийгээрээ цахилгаанаа гаргавал цахилгаандаа зарцуулж байгаа зардал 30-40 хувь буурах гэнэ.
Лагийг исгэж хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирдолтой усыг цэвэршүүлэх горим алдагдаж ус цэвэршүүлэх төвшин 70-80 хувь буурчээ. Ингэж буурсан шалтгаан нь "Харгиа" болон арьс шир, ноос ноолуурын үйлдвэрээс ирж байгаа бохирдолтой ус гэнэ. "Харгиа" урьдчилан цэвэрлэх байгууламж руу одоогоор арьс ширний 26 үйлдвэр бохир ус нийлүүлдэг. "Харгиа" урьдчилан цэвэрлэх байгууламжаас төв цэвэрлэх байгууламж руу 10 километрийн урттай хоолойгоор бохир усаа дамжуулдаг. Зарим арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд ямар ч хяналтгүйгээр төв цэвэрлэх байгууламж руу ус дамжуулдаг дээрх хоолой руу бохир усаа нийлүүлдэг байж болох талтай гэдгийг албаны хүн хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.